УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг ГБХНХ-ын сайд Т.Аубакир хийсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн сайн дураараа, боломжид тулгуурлан оролцох нэмэлт боломжийн талаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.
Хуулийн төслийг баталснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, иргэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах боломж бүрдэнэ гэлээ.
Мөн УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулга, мэдээллийг бүлгийн хурлаар сонсжээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа пүрэв, баасан гарагт чуулганы хуралдааныг хуваарийн дагуу явуулах нөхцөл бололцоог хангана гэв.