Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 53 орны жүдочид өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй нийт таван жингийн медальтнууд тодорно.

Өнөөдөр манай найман жүдоч дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр “С” хэсгийг тэргүүлэн хагас шигшээд Гүржийн Гиорги Сардалашвилиг цэвэр ялж, финалд ОХУ-ын жүдоч, дэлхийн аваргын хүрэл медальт Аюуб Блиевтэй барилдана.

Манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг долоодугаар байрт орлоо.

Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 21:00-с эхэлнэ.