
“Милан–Кортина 2026” Өвлийн олимп хойд Италид болсон хаалтын ёслолоор албан ёсоор өндөрлөлөө.
Ёслол Verona Olympic Arena-д болсон бөгөөд тус хотод спортын ямар нэгэн тэмцээн явагдаагүй бөгөөд Миланаас 75 милийн зайд оршдог.
Хаалтын ёслол Италийн сонгодог дуурийг хүндэтгэсэн үзүүлбэрээр эхэлж, үргэлжлүүлэн 92 орны тугчид “Aида” дуурийн өгүүлэмжит чимэглэл бүхий цэнгэлдэхэд орж ирэв. “Галын дусал” хэмээн нэрлэгдсэн жижиг шилэн саванд залсан олимпын бамбарыг цэнгэлдэхэд авчран, олимпын цагирагуудыг асаасны дараа тамирчдын жагсаал эхэлсэн юм.
Олимпын наадмын хаалтын ёслолд тамирчид холилдон орж ирэх ёстой ч энэ удаад ихэнх нь үндэсний багийнхаа бүрэлдэхүүнээр жагсжээ.
Наадмыг хааж хэлсэн үгэндээ Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри “Та бүхэн бүгд гайхамшигтай байлаа. Зоригтой. Аймшиггүй. Сэтгэл зүрх, хүсэл тэмүүллээр дүүрэн. Та бүхэн цас, мөсөн дээр энэ бүхнээ илэрхийлэн гаргасан” хэмээн хэлжээ. Тэрээр мөн “Олимпын жинхэнэ үзэл санаа бол шударгаар өрсөлдөх, тэврэлдэх, бие биеэ дэмжих явдал бөгөөд спорт хүн бүрийг нэгтгэдэг газар гэдгийг харуулсан” гэв.

Энэ удаагийн наадамд 116 медалийн төрлөөр явагдаж, түүхэн амжилт үзүүлсэн онцгой мөчүүдээр дүүрэн байлаа. Тухайлбал, Их Британийн баг нийт таван медаль, түүний дотор гурван алт хүртэж, медалийн хүснэгтийн 15-р байрт шалгарсан бөгөөд Их Британи өмнө нь нэг наадмаас нэгээс олон алт авч байгаагүй юм. Харин Бразилын Лукас Пинхейро Браатен эрэгтэйчүүдийн слаломд түрүүлснээр Өмнөд Америкийн улс өвлийн олимпын анхны алтаа авлаа.
Гүрж хос уран гулгалтад мөнгөн медаль хүртэж өвлийн олимпын анхны медалиа хүртсэн бол Испанийн тамирчин эрэгтэй уулын авиралтын төрөлд 54 жилийн дараах анхны алтан медалиа авсан байна. Бенин, Гвиней-Бисау, Арабын Нэгдсэн Эмират улс өвлийн олимпод анх удаа оролцжээ.
Зохион байгуулагч Итали улс 30 медаль, үүнээс 10 алт хүртэж, өвлийн олимпын хүснэгтийн дөрөвдүгээр байрт шалгарсан нь түүхэн амжилт байв.
Норвеги дөрөв дэх удаагаа дараалан медалийн хүснэгтийг тэргүүлж, 18 медаль авсан бөгөөд тэдгээрийн зургааг гүйлтийн цанын хаан гэгддэг Иоханэс Хоэсфлот Клаэбо хүртжээ. Тэрээр нэг наадамд хамгийн олон алтан медаль авсан тамирчны дээд амжилтыг тогтоосон бөгөөд түүний зургаа дахь алтан медаль нь эрэгтэй 50 км-ийн уралдааны байв.
АНУ-ын Элена Майерс Тайлор 41 насандаа монобоб төрөлд алтан медаль хүртэж, олимпын наадмын дээд амжилтыг эвдэн хамгийн ахмад медальт тамирчин боллоо.
Цанын алдарт тамирчин Линдсэй Вонн олимпын замналаа хөлөө хугалснаар өндөрлүүлсэн нь харамсалтай мэдээ байлаа.
Энэ удаагийн өвлийн олимп маргаантай мөчүүдээр ч дүүрэн байв. Украины тамирчин Владислав Хераскевич Оросын түрэмгийллийн үеэр амиа алдсан тамирчдыг дүрсэлсэн дуулгатай скелетонд өрсөлдөхийг хүссэн ч ОУОХ уг явдлыг олимпын наадмын дүрэм зөрчсөн гэж үзэн, түүнийг тэмцээнээс хассан. Мөн Оросын тамирчин Никита Филиппов эрэгтэй уулын авиралтад мөнгөн медаль хүртсэн авч Орос - Украины дайны улмаас хориглогдсон тул “Саармаг тамирчин” статустай оролцсон учир улсынхаа нэрийг цуурайтуулж чадсангүй.
Хаалтын ёслолын үеэр олимпын далбааг 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах Францын Альпийн бүсийн төлөөлөгчдөд шилжүүлэв. Францын хоёр бүсийн ерөнхийлөгч Ренауд Мусельер болон Фабрице Паннекук далбааг хүлээн авлаа.
Францын төрийн дуулал La Marseillaise-ийн зургаа дахь бадгийг илүү нийтлэг, улс төрийн өнгө аяс багатай гэж үзэн эгшиглүүлэхдээ орчин үеийн электрон хөгжмийн өнгө аястай хослуулсан юм.
Мөн Альпийн нурууг харуулсан видео танилцуулга болон 25 хөгжимчин, 24 тамирчны хамтарсан тоглолт болж, олимпын тамирчид хаалтын ёслолын уран сайхны хэсэгт анх удаа оролцсон нь “Милан – Кортина 2026” өвлийн олимпын хаалтын ёслолын хамгийн онцгой агшин байлаа.