
Илон Маскийн SpaceX дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй хувьцаат компаниудын нэг болох гэж байна.
Пуужин, сансар судлалын технологи болон Starlink хиймэл дагуулын системийг үйлдвэрлэдэг тус компани одоогоор хувийн өмчит компанийн статустай байгаа юм. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд SpaceX (SEC) анхдагч хувьцаа гаргах (IPO) талаар нууц мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжаалах боломжийг нээх юм.
IPO хийсний дараа SpaceX-ийн үнэлгээ 1 их наяд ам.доллароос давна гэж тооцоолж байна. Ингэснээр Илон Маскийн өөрийн эзэмшлийн хувьцаа нь түүнийг дэлхийн анхны их наядтан болгох магадлалтай.
Bloomberg, Reuters болон New York Times-ийн мэдээлснээр, тус компани ирэх зургаадугаар сард албан ёсоор олон нийтэд хувьцаагаа гаргахаар зорьж байна.
SEC-д нууц байдлаар IPO мэдүүлэг гаргах нь компанид зохицуулагч байгууллагаас санал хүсэлт авах хугацаанд мэдээллээ шууд олон нийтэд ил болгохгүй байх боломж олгодог. Дараагийн шатанд компанийн удирдлагууд томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, хувьцаа худалдан авахыг нь ятгах юм.
Хувьцаагаа олон нийтэд санал болгосноор SpaceX 50 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө босгох зорилготой гэж мэдээлж байна. Энэ оны эхээр SpaceX нь Маскийн хиймэл оюуны стартап болох xAI-ийг өөртөө нэгтгэсэн. Энэхүү бүх хувьцааны солилцооны нэгдлийн дараа SpaceX нь дотоод үнэлгээгээрээ 1.25 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компани болсон гэж үзэж байна. Сүүлийн үед Маскийн компаниуд улам нягт уялдаатай болж байна.
Өнгөрсөн жил xAI нь чатбот Grok-оороо танигдсан бөгөөд X (өмнө нь Twitter нэртэй байсан, Маск 2022 онд худалдан авсан) платформыг нэгтгэсэн. Энэ хэмжээний нэгтгэл нь SpaceX IPO хийхэд бэлдэж байгааг хөрөнгө оруулагчдад илтгэсэн тод дохио болсон.
Pitchbook-ийн ахлах шинжээч Эмили Жэн BBC-д өмнө нь хэлэхдээ, xAI-ийг SpaceX-ийн дор нэгтгэснээр Маск зардлаа төвлөрүүлж, компаниудын хооронд нөөцийг үр ашигтай хуваалцаж чаддагаа харуулах боломжтой болсон гэжээ. Түүнчлэн SpaceX нь өргөн цар хүрээтэй зорилттой учраас IPO-оор босгох их хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа гэж Жэн нэмж хэлжээ. Тус компани өргөтгөл хийхэд шаардлагатай “тооцоолол, дэд бүтэц, эрчим хүчний асар өндөр өртөг”-тэй өрсөлдөж буй.
Энэ оны эхээр Tesla Маскийн цахилгаан автомашины компани xAI-д 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэдгээ мэдэгдсэн.
Маск мөн Tesla-ийн үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг робот үйлдвэрлэл рүү шилжүүлж, Grok зэрэг хиймэл оюуны технологийг ашиглана гэдгээ ч нуугаагүй.
Мөн SpaceX нь Tesla болон xAI-тай хамтран Маскийн өнгөрсөн сард зарласан “Terafab” нэртэй томоохон чип үйлдвэрлэлийн төсөлд оролцоно.
“Tesla, xAI болон SpaceX өмнө нь боломжгүй гэж бодогдож байсан олон зүйлийг хийж чадсан” гэж Маск гуравдугаар сард болсон танилцуулгын үеэр хэлжээ.
Маск SpaceX-ийг 2002 онд сансарт хөөргөх зардлыг бууруулах зорилгоор байгуулсан бөгөөд голчлон дахин ашиглах боломжтой пуужин хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Тус компани 2006 онд НАСА-тай анхны гэрээгээ байгуулжээ.
Өнөөдөр SpaceX-ийн ихэнх үйл ажиллагаа пуужин болон дэлхий даяар интернет түгээдэг Starlink хиймэл дагуулын сүлжээнд төвлөрч байна. Гэвч Маск илүү том зорилтуудын талаар байнга ярьдаг бөгөөд үүнд хиймэл оюуны дата төвүүдийг сансарт байрлуулах, Марс гараг дээр өөрийгөө хангах хот байгуулах зэрэг санаанууд багтдаг. Гэвч олон шинжээчид эдгээрийг хэрэгжүүлэхэд тун бэрх гэж үздэг.