
Монголын үндэсний паралимпын хорооноос "Айчи Нагоя 2026" Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдаа алдаршуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Уг хуралд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүү болон энэ удаагийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчид оролцсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн жүдоч Л.Туруунаа, байт харваач Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ, хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ц.Доржзодов, жүдогийн төрөлд мөнгөн медаль авсан Т.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.
Монголын баг тамирчид энэ удаагийн пара наадмаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 45 орноос 14 дүгээр байрт жагссан юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хэлэхдээ "Өмнө нь Ханжоугийн Азийн пара наадамд түрүүлсэн амжилтаа бататгаад анхны хошой алтан медальтан болсондоо баяртай байна. Бид бүгдийн ард тусалж дэмждэг олимпын таеквондогийн холбоо, Монголын Үндэсний Паралимпын Хороо, "Алдар" спорт хороо, тамирчдыг цалинжуулж дэмждэг байгууллагадаа талархаж байгаа илэрхийлье. "Айчи Нагоя 2026"-д таеквондогийн төрлөөр дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай оролцож амжилтаа ахиулсандаа баяртай байна. Бидний дараагийн зорилго бол 2028 оны паралимпын наадам. Таеквондогийн холбооны зүгээс паралимпт гурваас, дөрвөн эрх авна гэж тооцоолж байгаа. Пара таеквондогийн спортоор гарны бэрхшээлтэй хүмүүс хичээллэдэг. Гарны бэрхшээлтэй иргэдийг аль ч клуб үнэгүй хичээллүүлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна" гэв.
Монголын паралимпын хорооны баг тамирчид 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон анхны наадамд хоёр мөнгө, таван хүрэл медальтайгаар 24-р байрт орж байжээ. Тэгвэл энэ наадмаас хойш “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медальтайгаар 17-р байр, “Жакарта-2018” наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай 25-р байр, “Ханжоу 2022” наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 21-р байрыг эзэлж байв. Энэ амжилтыг “Айчи-Нагоя” наадамд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалиар ахиулж чадлаа.
Монголын пара баг тамирчдыг ирэх онд “Лос-Анжелес 2028” Паралимпын XVIII наадмын эрхийн тэмцээнүүд хүлээж байна.
