
Алдарт жүжигчин Сэм Нилл гуравдугаар шатны цусны хорт хавдар тусаж, таван жилийн турш өвчинтэйгөө тэмцжээ. Харин өдгөө тэрээр хавдрыг даван туулж эдгэрсэн болохоор албан ёсоор зарлав.
Тэрээр Австралийн телевизэд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн шинжилгээгээр биед нь ямар ч хавдар үлдээгүй болох нь батлагдсан. Ийм зүйл тохиолдоно гэдэг үнэхээр итгэмээргүй баярт мэдээ байна" хэмээн хэлжээ.
Нилл 2023 онд анх өөрийн оношийг олон нийтэд зарлаж байв. Түүнээс жилийн өмнө буюу 2022 онд, “Jurassic World Dominion” киноны сурталчилгааны үеэр биед нь анхны шинж тэмдэг илэрч, хүзүүний булчирхай хавдаж эхэлсэн байна. Ийнхүү лимфомын нэг төрөл болох Т эсийн лимфоматай гэж оношлогдож, олон жилийн турш хими эмчилгээ хийлгэж байв. Гэвч өвчин хүндэрч тэрээр "CAR T-cell therapy" хэмээх шинэ төрлийн дархлааны эмчилгээний туршилтад хамрагдсан юм. Уг эмчилгээ нь хүний дархлааны эсийг өөрчилж, хавдрын эсүүдийг устгахад чиглэдэг орчин үеийн дэвшилтэт арга билээ.
Өдгөө хавдрын өвчнийг даван туулсан жүжигчин"CAR T-cell therapy"-г Австрали даяар илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхийг уриалав. Одоогоор уг эмчилгээ нь зөвхөн тусгай эмнэлгүүдэд, тодорхой төрлийн хавдартай өвчтөнүүдэд л хийгддэг бөгөөд хувийн эмнэлэгт нэг өвчтөнд хийхэд 600 000 австрали доллароос дээш өртөгтэй байдаг аж.