
Монголын үндэсний бөхийн холбооноос “Грийн шоу” продакшн, “Хийморь” төсөлтэй хамтран Монгол, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны бөхчүүдийн хоёр төрөлт халз барилдааныг анх удаа зохион байгуулах гэж байна. Уг барилдаан нь үндэсний өв соёлыг монгол туургатан улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой аж.
Халз барилдаанд манай улсаас улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумьяабат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар зодоглоно.
Харин БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орноос 1024 болон 512 бөхийн барилдаанд удаа дараа түрүүлж байсан Х.Үндэс, С.Эрхэмсүлд, Х.Давхарбаяр нарын бөхчүүд оролцоно. Тодруулбал, Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харьяат Х.Үндэс (1024-т 2 удаа түрүүлсэн), Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харьяат С.Эрхэмсүлд, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харьяат У.Төрцацрал, Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.Мэргэнбилэг, Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харьяат Х.Давхарбаяр, Х.Бөхбаяр нарын хүчтэнүүд барилдахаар болжээ.
Барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 10-нд Бөхийн өргөөнд болно.