
Япон улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ оны өмнө олон улсын дипломат байдлыг хурцатгасан зоригтой ч гэмээр мэдэгдэл хийсэн.
Өнгөрсөн сарын 7-ны өдөр парламентын хуралдааны үеэр Хятад улс Тайванийг эзлэх оролдлого хийвэл энэ үйлдлийг нь Япон улсын “Тусгаар тогтнолд аюул учруулсан” хэмээн хүлээн авна гэж хэлсэн түүний мэдэгдлийн цаана “Япон улсын тусгаар тогтнолд аюул учруулсан” гэх үндэслэл нь тус улсын Ерөнхий сайдад цэргийн хүчин буюу өөрийгөө хамгаалах хүчнийг дайчлах нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн утга агуулж байлаа. Тэр ч утгаараа Хятадын талаас Такаичи Санаэгийн мэдэгдэлд хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн билээ. Хоёр орны найрамдалт харилцаа хурцдаж түгшүүртэй нөхцөлд шинэ оныг угтах бололтой.
Санаэгийн улс төрийн үзэл нь “Үндсэрхэг консерватизм”. Тэрээр Японы Либерал Ардчилсан Нам дахь хамгийн барууны, хамгийн үндсэрхэг жигүүрийн улстөрчдийн нэг. Хилийн хамгаалалт, иргэншлийн асуудал, сонгуулийн эрхийг зөвхөн япон иргэдэд өгөх ёстой гэсэн хатуу байр суурь, Хятадын нөлөөллийг эсэргүүцэх зэрэг үзлүүдийг аль 1990-ээд оноос баримталж ирсэн. Санаэ Хятадын нөлөөллийн эрсдэлийг улс төрийн том сэдэв болгодог. Давхар иргэншилтэй улстөрчдийн асуудал, Хятадын технологи, хилийн аюулгүй байдлын эрсдэл, Сэнкакугийн маргаан, хятад гаралтай япон улстөрчийн давхар иргэншлийн хэрэг гарсны дараа түүний “жигүүр”-ийнхэн энэ сэдвийг “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэж улам хүчтэй ярьж, эсэргүүцэж эхэлсэн. Гэхдээ энэ нь хятад хүнийг тусгайлан үзэн ядсан, хавчин гадуурхсан асуудал бус бөгөөд улс төрийн том хүрээний сэдвийг хамарч улсынхаа эдийн засаг, аюулгүй байдлын бодлогыг хамгаалах ёстой гэсэн консерватив зарчмын илрэл юм.
Такаичи Санаэгийн мэдэгдэл гэнэтийн байсан ч энэ талын үзэл баримтлал нь түүний улс төрийн замнал, Японы өнөөгийн байдалтай салшгүй холбоотой.
Гол зангилаа нь хятад гаралтай Японы иргэд улс төрд орох болсон нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа учраас хийсэн санаатай алхам гэж үзэн дэмжих хандлага нийгмийн сүлжээнд хөндөгдөх болжээ.
Японд оршин суугаа хятад гаралтай хүмүүсээс хэд нь Япон иргэншилтэй вэ гэдгээс гадна эдгээр хүмүүсийг хоёр төрөлд ялган авч үздэг. Энэ нь Японд оршин суугаа Хятадын харьяат буюу “chinese nationality” хүмүүс, Японы иргэншилтэй болсон хятад гаралтай хүмүүс буюу “naturalized citizenship” хэмээнэ.
Япон улсын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсанаар тус улсад оршин суугаа БНХАУ-ын иргэдийн тоо 2015 оны арванхоёрдугаар сард – 656 403 байжээ. Мөн оноос 2019 он хүртэл энэ тоо тогтмол өссөн бол 2020 онд Ковид19 цар тахлаас үүдэлтэй хилийн хязгаарлалтын нөлөөгөөр түр буурсаар 778 112 болж, 2021 онд халдварын хязгаарлалт үргэлжилснээр ахин буурч 716 606 болсон ч 2022-2024 онд хурдтай сэргэн 873 286-д хүрчээ.
Хамгийн сүүлд буюу 2024 онд гаргасан тоон мэдээллээр Япон улсын иргэншил авсан буюу “naturalized citizenship” статустай 8800 гадаадын иргэн байгаагаас 3122 нь хятад гаралтай иргэд аж. Энэ нь Японы иргэншил авсан солонгос (Өмнөд болон Хойд) иргэдийн тооноос давсан үзүүлэлт болжээ. Эдгээр нь ганцхан жилд иргэншил авсан хятад иргэдийн тоо. Японы иргэншилтэй хятад гаралтай хүмүүсийн тоо хэдэн арван мянга хүрсэн байх магадлалтай. 1967 оноос 2017 хүртэлх тооцооллоор 14 000 хятад гаралтай Японы иргэн амьдарч байгаа гэх албан бус тоо гарч байж. Энэ тоо жилээс жилд өсч, тэдний үр хүүхэд улам олширч байгаа гэж үзвэл бүр нэмэгдэх биз. Тэдний зарим нь нэр нөлөө бүхий улстөрч болсон нь ч бий.
Японд танигдсан хятад гаралтай улстөрчид




Хятад гаралтай хүмүүс Японы улс төрд олон биш боловч жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгаад иргэд нь төдийлөн таатай ханддаггүй. Хоёр болон гуравдугаар үеийн хятад гаралтай япончууд Тайвань, Хонконгоос ирж иргэншил аван орон нутгийн түвшний улс төрд оролцох нь нэмэгдсээр. Тэд орон нутгаас эхлэн төв рүү гэсэн зарчмаар улс төрийн карьераа ахиулдаг. Угсаа гарал нэгтнүүдээ онцгойлон авч үздэггүй ч улсын нууцлалтай холбогддог учир сэтгэл тайван харж суух нь эрсдэл дагуулах магадлалтай.
Япон улсыг “Хятадын болзошгүй нөлөөллөөс ангид байлгах” хатуу зарчим нь Такаичи Санаэг үндэсний аюулгүй байдлын эсрэг хамгийн том стратегийн эрсдэл гэж тодорхойлоход хүргэдэг. Судлаачдын энэ шүүмжлэлийн хариуд Санаэ Хятадын цэргийн өсөлт Японыг “шууд эрсдэлд” оруулж байгаа талаар, Тайванийн асуудал Японы үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой тухай, Сэнкаку арал “Японы газар нутаг” гэдэг нь маргаангүй зүйл байх ёстой гэхчлэн хариу барьдаг.
Гадаадын иргэдийн иргэншил тухайн улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд нөлөөлдөг эсэх талаар судалгаа, баримт нотолгоо байхгүй. Гэхдээ нийгмийн эв нэгдэл, үндэсний танин мэдэхүйн үзэлд улс төрийн бодлого шийдвэрээр нөлөөлдөг учир парламентын болон Засгийн газрын гишүүн нь иргэншил авсан гадаад улсын иргэн байх нь, тэгээд зогсохгүй хүчирхэг гүрнээс угшилтай байх нь ямар эрсдэл дагуулахыг таашгүй.