
Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох шатрын олимпиад ирэх долоо хоногт Узбекистаны Самарканд хотод эхэлнэ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг тэмцээнд 188 орны үндэсний шигшээ баг оролцоно. Эдгээр өдрүүдэд их мастер Игорь Лысый манай улсад хүрэлцэн ирж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрээр Монгол улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн урилгаар шигшээ багт тэмцээний өмнөх зөвлөгөөг өгч байна.
Игорь Лысый 2007 онд их мастер цол хүртсэн бөгөөд 2015 онд олон улсын чансаагаа 2700 хүргэж, дэлхийн чансааны 45 дугаар байр хүртэл эрэмбэлэгдэж байсан дэлхийн хэмжээний тоглогч юм. Мөн тэрбээр 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний супер финалд түрүүлж, “Moscow Open” зэрэг олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байжээ. Игорь Лысыйгийн өндөр зэрэглэлийн тамирчин төдийгүй гарааны онол, орчин үеийн шатрын бэлтгэл, өрсөлдөгчийн эсрэг өрсөлдөөний бэлтгэлд өндөр түвшинд ажилладаг мэргэжилтэн бөгөөд дэлхийн аваргын түвшний тоглогчдод секундант болон дасгалжуулагчийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж.
46 дахь удаагийн олимпиадад оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг энэ сарын 12-ны өдөр Узбекистаныг зорино.
