
Нийслэлийн хэмжээнд хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийж байна. Оройн цагаар хөдөлгөөнд оролцохдоо хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй мотоцикл болон хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшинг зориулалтын тусгай багажаар шалгахад мото төрлийн тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь дуу чимээний түвшин 95-115Дб хүрч байна. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл бүрийн дуу чимээний дээд түвшинг стандарт, дүрэм журмаар тодорхой болгосон. Үүнд, суудлын авто машин, мотоцикл 1991 он хүртэл үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй бол дуу чимээний түвшин 80Дб, дизель 86Дб бол 1991 оноос хойш үйлдвэрлэгдсэн суудлын авто машин, мотоцикл бензин 74Дб, дизель 75Дб байна гэж заасан. Автобус 80-86Дб, ачааны авто машин 80-88Дб гэж дуу чимээний түвшин баримтлах учиртай. Харин чимээний түвшин 95-115Дб хүрч байгаа нь хүчин чадал өндөртэй мотор тавих, зогсож байх үедээ хаазлах зэрэг тохиолдолд гарч буй түвшин аж.
Шалгалтын явцад ялангуяа мотоциклтой жолооч нар шаардлагагүй буюу хөдөлгөөнд оролцоогүй зогсож байхдаа хаазлах, зогсоол болон орон сууцны хотхон, хороолол дотор хаазлах, нэмэлт яндан тавих зэрэг зөрчлүүд илэрчээ.