
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид, Сүхбаатар сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулжээ. Улмаар 20:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртжээ.
Түүнчлэн, Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 25-ны өдрийн 16:23 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу хээрийн гал түймрийг алба хаагчид мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 400 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.