
Хур бороо, гадаргын усыг хурамтлуулах зорилгоор "Туул усан цогцолбор төсөл"-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Цогцолбор барих тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт сонгожээ. Энэ нь нийслэлд ойр, ус дамжуулах шугам сүлжээний уртыг богиносгож, хөрөнгө оруулалтын зардлыг багасгах эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтдын бүсэд нөлөөлөхгүй гэнэ. Инженер геологийн судалгаагаар боомтын тэнхлэгийг голын урсгалд перпендикуляр байхаар тогтоосон нь лаг шаврын хуримтлалыг өөрөө цэвэрлэх байгалийн давуу орчин бүрдүүлэх аж.
Нийт 5569 ам метр талбайд хэрэгжих усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй, усан сангийн далангийн урт 685.15, өндөр нь 35.8, хурдасны гүн 19.84 метр байна. Зүүн эрэгтээ ил гарсан байгалийн чулуун хэсэг, баруун эргийн гүнд тогтоох хатуу хөрс нь байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг хангах геологийн таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ.
Туул усан цогцолборыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо их үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах боломжтой. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсацыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.
Нийслэлийн ундны усны хэрэгцээг зөвхөн газрын доорх гүний усаар хангадаг нь нөөцөө шавхах эрсдэлтэй. Мөн борооны усыг хуримтлуулахгүй урсгадаг нь усны нөөцийн алдагдал, үерийн эрсдэлийг нэмж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.