
Мексик болон АНУ-д өнгөрсөн онд улаанбурхан өвчний мянга мянган тохиолдол бүртгэгдсэн нь тус улсуудын улаанбурхныг бүрэн устгасан гэх статусаа алдах эрсдэлд оруулж байна.
НҮБ-ын харьяа байгууллага болох Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллага (PAHO) бүс нутаг даяар улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулсан шинэ тайлан гаргалаа.
Лхагва гараг (2026.01.04)-т тус байгууллага эпидемиологийн сэрэмжлүүлэг гаргаж, гишүүн орнуудыг өвчний тархалтыг хянахын тулд байнгын тандалт, дархлаажуулалтын үйл ажиллагаагаа чангатгахыг уриалжээ.
“2025 он болон 2026 оны эхний саруудад Америк тивд улаанбурхан өвчин огцом нэмэгдсэн нь гишүүн орнууд яаралтай, уялдаа холбоотой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна” гэдгийг PAHO мэдэгдэлдээ онцолсон байна.
PAHO-гийн мэдээлснээр, 2026 оны эхний гурван долоо хоногт Америк тивд нийт 1031 тохиолдол бүртгэгджээ. Харин 2025 онд нийтдээ 14 891 тохиолдол батлагдсан байна.
Хамгийн том дэгдэлтүүд Хойд Америкт, тэр дундаа АНУ, Мексик, Канад улсад ажиглагдаж байгааг онцоллоо.
Улаанбурхан нь агаараар халдварладаг, маш халдвартай вирусын өвчин бөгөөд дархлаажуулаагүй хүмүүсийн 10 хүн тутмын 9-д халдах чадвартай.
Ихэнх тохиолдолд өвчний шинж тэмдэг хэдэн долоо хоногийн дотор арилдаг ч, бага насны хүүхдүүдэд амь насанд аюултай, эсвэл насан туршийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Зарим өвчтөнд чихний үрэвсэл, уушгины үрэвсэл илэрдэг бол зарим нь уушгины хатгалгаа, тархины үрэвсэл (энцефалит) үүсч, таталт өгөх, ой санамж алдагдах зэрэг байнгын гэмтэл учруулж болдог.
Улаанбурханаас урьдчилан сэргийлэх цорын ганц арга нь вакцин юм. Ихэнхдээ энэ нь MMR вакцин (улаанбурхан–гахайн хавдар–улаанууд) хэлбэрээр тарьдаг.
АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди Жр. вакцины хамгаалалт “маш хурдан сулардаг” гэж мэдэгдэж байсан ч, мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэж, насан туршийн дархлаа өгдөг гэдгийг онцолжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) зэрэг байгууллагууд:
“Эрүүл хүмүүсийн хувьд MMR вакцинтай холбоотой нас баралт бүртгэгдээгүй. Харин улаанбурхан өвчнөөр өвдөх нь үүнээс хавьгүй аюултай” гэж дахин дахин мэдэгдсэн байна.
Хойд Америк дахь өндөр тохиолдлуудын талаар PAHO-гийн тайланд дурдсанаар АНУ-д 2026 оны эхний 3 долоо хоногт 171 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өмнөд Каролина мужид сүүлийн саруудад 876 тохиолдол бүртгэгдсэнээс 800 нь вакцингүй, 16 нь дутуу вакцинтай, 38 нь вакцины статус нь тодорхойгүй байжээ.
АНУ-д улаанбурхан өвчин 2000 онд устгасан гэж зарлагдаж байсан ч, гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол гарсаар иржээ.
Мексик улс мөн 1996 онд улаанбурхныг устгасан статус авснаар 2016 онд Америк тив бүхэлдээ улаанбурхангүй гэж зарлагдсан. Гэвч одоогийн дэгдэлтүүдийн улмаас АНУ, Мексик хоёр хоёулаа энэ статусаа алдах эрсдэлтэй байна. PAHO бол аливаа өвчнийг устгасан статусыг олгох, хураах эрхтэй байгууллага бөгөөд 4 дүгээр сарын 13-нд АНУ, Мексикийн нөхцөл байдлыг онлайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.