“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 678 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. Домгуудын сүүлчийн бүжиг ба залуу оддын тулаан
Ердөө гурав хоногийн дараа Мехико хотын "Ацтека" цэнгэлдэхэд шүгэл дуугарч, гараг дэлхийн найман тэрбум хүний зүрхэн цохилтыг нэг хэмнэлд оруулан найдвар, бахдалыг нь төрүүлэх их цэнгэл эхэлнэ. Олимпын адил дөрвөн жилд ганц тохиодог ч хөлбөмбөгийн ДАШТ зөвхөн спортын тэмцээн уралдаан төдий зүйл биш юм. Ногоон талбайд өрнөх 90 минутын тэмцэл бүрийн цаана улс үндэстнүүдийн түүх шинээр бичигдэн, дэлхий нийтээр амьдралын аар шаар асуудал, дайн самуунаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улигт сэдвээс зуурхан ч атугай холддог болохоор арга ч үгүй биз.
Хөлбөмбөгийн түүхэнд анх удаа гурван улс хамтран Хойд Америк тив дамнуулан зохион байгуулах 23 дахь удаагийн ДАШТ-д 48 улс үндэстний шигшээ баг нийтдээ 104 тоглолтоор ногоон талбайд хурд, хүчээ сориход бэлэн болжээ. Дэлхийн цомын төлөө 32 баг өрсөлддөг тогтсон жишгийг 48 шигшээгийн өрсөлдөөн болгож өргөтгөснөөр FIFA хөлбөмбөгийн газрын зургийг бүхэлд өөрчилж чадлаа. ДАШТ-д ногоон талбайд хүрэх нь мөрөөдөл төдий байсан улс орнуудад боломж нээгдэж Узбекистан, Йордан, Кабо Верде, Курасао зэрэг улсууд анх удаагаа оролцох эрхээ аваад буй. Шүүмжлэгчид багийн тоо нэмэгдсэнээр тоглолтын чанар муудна гэж үздэг ч хөлбөмбөгийн даяаршил улам бүр гүнзгийрч, "жижиг" гэгдэх багуудын түвшин хэрхэн өсөж байгааг бид өнгөрсөн ДАШТ-ээс хангалттай харсан. Катар-2022 тэмцээний үеэр Марокко хагас финалд үлдэж, Саудын Араб Аргентиныг хожсон түүхүүд хөлбөмбөгт хэнийг ч басах аргагүй болсны нотолгоо.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн "Тив дамнасан мөрөөдөл" нийтлэлээс
ХОЁР. Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах төсөл
Тэгвэл ардчилсан тогтолцоотой дэлхийн бусад оронд Ерөнхий сайд нь хаана суудаг вэ. Их Британийн парламентын тогтолцооноос үүсэлтэй төрийн байгуулалтын хэлбэр болох Вестминстерийн загварыг хэрэгжүүлдэг улс орнуудад парламентын чуулганы танхимдаа Засгийн газрын тал хэмээх тусгай хэсэгтэй байдаг аж. Англи, Шотланд, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Энэтхэг улс эл загварыг мөрддөг юм байна. Эдгээр орны парламентын танхим нь манайх шиг дугуй хэлбэртэй биш. Тэд эрх баригч болон сөрөг хүчнээрээ хоёр хуваагдаж, өөд өөдөөсөө харж суудаг аж. Эрх баригчдын талын урд хэсэгт Засгийн газрын гишүүд сууна. Ерөнхий сайд нь хамгийн урд нь суудаг юм байна. Түүнд зориулж тусгайлан индэр засдаггүй, парламентын гишүүдтэйгээ яг л нэг түвшинд зэрэгцдэг. Засгийн газрын эсрэг талд сөрөг хүчнийхэн нүүр тулж суудгаараа уг загвар онцлог. Эрх мэдлийн тэнцлийг харуулсан, хангасан гэж үздэг аж. Харин БНСУ, БНХАУ зэрэг Азийн оронд парламентын танхимынх нь зохион байгуулалт харьцангуй өөр. Манайхтай төстэй буюу хагас дугуй хэлбэртэй юм байна. Гэхдээ Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нь спикерийн өөдөөс харсан эхний эгнээнд суудаг. Барууны орнуудаас ялгаатай нь сөрөг хүчинтэйгээ нүүр тулахгүй байх нь.
Тэгэхээр чуулганы танхим нь манайхтай “хань татах” зохион байгуулалттай улсыг ардчилсан тогтолцоотой орнуудын жагсаалтаас бол олохгүй нь. Харин социалист орнуудад л ийм дүр зураг байдаг. Манай урд хөрш БНХАУ бол социалист орон. Тус улсын Ардын их хурлын танхимд том “тайз” зассан, тэнд удирдагчид нь суудаг. Вьетнам, Лаост ч ижил. Тэгэхээр ардчилсан Монгол орны парламентын ордны зохион байгуулалт социалист системдээ гацсан гэсэн үг.
Нийтлэлч С.Туулын "Дээр биш, дэргэд суу" нийтлэлээс
ГУРАВ. Эс үйлдэхүй
О.Номинчимэг нар Тамхины хуульд нэмэлт, өөрчлөлт хийнэ, шинэчилнэ гэж яриад бүтэн хоёр жил боллоо, ажил нь гараас нь гарсангүй. Уг нь vape, электрон тамхины төрлүүдэд хүүхэд, залуус ихээр орж байгааг болиулах, худалдааг нь хяналтад оруулах, татвараа улс авдаг болгох гээд маш зөв юм яриад байх юм. Ийн ярьж эхэлснээс хойш ямар их удав аа. Ийм учраас эс үйлдлээрээ жүжигчилсэн тэмцэл хийж байна гэх хардлага төрөөд байгаа юм.
Яасан ч удаан ярьж, гомдоллож, гоншигонож, уулзалт, хэлэлцүүлэг хийдэг юм. Хувийн эмнэлгийн эмч нартай уулзлаа гэнэ, өрхийн эмнэлгийнхэнтэй уулзлаа гэнэ, багш нараар хэлэлцүүллээ гэнэ, хүүхдийн эрхтэй холбоотой гэнэ. Барилдахаас таахалзах гэгчээр цаг барсан маш их “ажил” хийлээ. Татвар, хяналттай холбоотой заалт оруулаад засчих юмыг шинэчилсэн найруулга болгон өргөжүүлж, өч төчнөөн хэлэлцүүлэг, кампанит ажил хийж, өөрийгөө сурталчлах ажлыг л хамгийн сайн хийж байна. Сэдвээ зажлаад байна гэсэн үг. Ерөөсөө тамхитай тэмцэгч гэх нэрний төлөө явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Нийтлэлч Г.Улсболдын "Жүжигчилсэн тэмцэл" нийтлэлээс
ДӨРӨВ. Сурлагын чанараас чангааж буй чагт
Сүүлийн 11 жилийн хугацаанд манай улсад жилд дунджаар 76 мянга гаруй хүүхэд шинээр төржээ. Үүний 35 мянга гаруй нь буюу шинэ төрөлтийн 46 хувь нь Улаанбаатар хотод төрсөн байна. Тэгэхээр монгол хүүхдүүдийн тал хувь нь түгжрэл дунд өсөж байна. Үүний улмаас бие, сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч, сурлагын чанар, амжилт зэргээсээ чангаалгасаар буй. Харамсалтай нь, манайд нийслэлийн хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд түгжрэл ямар нөлөө үзүүлж буй талаарх дотоодын судалгаа ховор. Гэхдээ нийслэлд амьдарч байгаа хүүхдүүд өөрсдийн алтан цагаа түгжрэлд суулиулж, амжилт, бүтээмжээ алдаж байгаа нь дамжиггүй. Учир нь Улаанбаатарын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулдаг бөгөөд өдөр бүр 110 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ автомашинаар зорчдог гэх тооцоолол бий. Иймээс нийслэлийн олон хүүхэд өглөө, оройн оргил үед өдөр бүр хэдэн арван минут, зарим тохиолдолд хэдэн цагаар зам дээр өнгөрөөж байгаа нь тодорхой байна. Түүнчлэн НЗДТГ-аас гаргасан судалгаагаар бага сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 35 хувь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургууль, цэцэрлэгтэй явдаггүй байна. Тэд цөм гэрээсээ алс сургуульд суралцаж, өдөрт багагүй цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн үг.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Түгжрэлд түгжигдсэн хүүхэд нас" нийтлэлээс
ТАВ. 45 хоногийн хүлээлт
Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 10 гаруй хоног өнгөрчээ. Хамгийн ноцтой нь уг өвчин манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь ч нэвтрээгүй шүлхийн САТ-1 хэмээх аюултай хэв шинж гэдэг нь аливаа эрсдэлд бэлэн бус байдаг бидэнд хүндхэн цохилт боллоо. Өнөөдрийн байдлаар уг халдвараар Баян-Өлгий, Ховд аймгийн гурван сумын нийт 779 толгой мал өвчилжээ. Манай улсад энэ хэв шинжийн эсрэг вакцин байхгүй тул Засгийн газраас 1.5 сая тун вакциныг ОХУ-аас яаралтай захиалахаар ажиллаж байгаа ч үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх хүртэл хамгийн багадаа 45 хоног шаардагдах аж.
Гэвч энэ хугацаанд халдварын тархалтыг хэрхэн хязгаарлах, малчдын эдийн засгийн хохирлыг хэрхэн бууруулах, махны экспортод ямар нөлөө үзүүлэх зэрэг олон асуудалд бэлэн биш байна. Хэрэв энэ хугацаанд халдварыг хумьж чадахгүй бол малчдын амьжиргаа, махны зах зээл, экспортын нийлүүлэлт саараад зогсохгүй Монгол Улсын мал аж ахуйн салбарын нэр хүнд хүртэл олон улсын тавцанд унах бодит эрсдэл нүүрлээд байна.
Нийтлэлч И.Сарангоогийн "Шүлхий, шүлхий, бас дахин шүлхий..." нийтлэлээс
ЗУРГАА. Хараат байдал
Хуульд “Монголбанк Засгийн газраас хараат бус байна”, “Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ” гэх зэрэг хараат бус байдлын талаарх заалт байдаг ч хэрэгждэггүй. Өнгөрсөн хугацаанд Монголбанк Засгийн газрын “кассын машин” шиг ажиллаж ирснийг нь болиулна гэдгээ Ерөнхийлөгч нь томилогдохдоо амласан. Үүний тулд эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай бөгөөд дэлхийн улс орнуудын жишгээр Монголбанкны үндсэн зорилтыг зөвхөн “үнийн тогтвортой байдал” руу чиглүүлэх, төсвийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хориглох, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг суурь асуудлыг хуулийн өөрчлөлтөд шигтгэжээ. Хуулийн төсөл батлагдвал 60 хувьтай буюу хангалтгүй түвшинд үнэлэгддэг Монголбанкны бие даасан хараат бус байдал сайжрахад нөлөөлөх нь дамжиггүй. Хэдийгээр энэ удаагийн хуулийн өөрчлөлтөд тусгаагүй ч цаашид Монголбанкны засаглалыг сайжруулах шаардлага бий. Төв банкны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. 1991 оноос хойших Ерөнхийлөгч нарын ажилласан дундаж хугацаа 3 жил байгаа бол хуулийн хугацаагаа бүрэн дуусгасан ердөө хоёр хүн байгаа нь томилгооноос эхлээд халаа сэлгээ ч улс төрөөс хэт хамааралтайг илтгэнэ.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "Өөрчлөлт тулсан “асуудал” нийтлэлээс
ДОЛОО. Хэтийдэх соёл халагдав
Алдартай брэндийн шинэ загварын цүнх худалдаж авахын оронд 10, 20 жилийн өмнө авсан аль эсвэл аав, ээжийнхээ хэрэглэж байсан цүнхийг барих нь илүү ухаалаг, загварлаг, байгальд ээлтэй харагддаг болжээ. Тиймээс хүмүүс хуучирсан ч элэгдээгүй гутал, олон жил өмссөн цув, урагдсаныг нь нөхсөн жинсэн өмдөө бахархалтайгаар өмсөж, зураг, бичлэгээ “Underconsumption Core" гэх хашилттайгаар нийгмийн сүлжээнд нийтэлдэг болсон байна. Үүний улмаас сүүлийн жилүүдэд хуучин хувцасны (Thrift/Vintage) зах зээл эрчээ аваад буй. Залуу үеийнхний талаас илүү хувь нь шинэ хувцас авахаасаа өмнө хуучин хувцасны аппликейшн эсвэл дэлгүүрийг шалгадаг болсон аж. Үүний улмаас “Depop, Vinted, Poshmark” зэрэг платформуудын хэрэглэгч сая, саяар нэмэгдэж, хүмүүс өмсөхгүй хувцаснуудаа маш амархан зардаг эсвэл сольдог зах зээл бий болжээ. Түүнчлэн ямар нэг арга хэмжээ, үдэшлэгт явахын тулд шинэ даашинз худалдаж авахын оронд түрээслэх хандлага ч нэмэгдэж байгаа аж. Хүмүүсийн хандлага ийн хувьсахтай зэрэг хувцас үйлдвэрлэлийн брэндүүд хуучин харагддаг шинэ хувцас үйлдвэрлээд эхэлсэн нь бас нэг сонирхолтой өөрчлөлт. Гандсан мэт өнгөтэй цамц, элэгдэж, урагдсан өмд, гутал, үрчийсэн малгай зэрэг шинэ, чамин бус хуучин, “ноорхой” гэж тодотгож болохуйц хувцаснууд дэлгүүрийн лангуугаар эзлэх болов.
Нийтлэлч О.Даваагийн "Хэлбэрээс алсарсан хэрэглээ" нийтлэлээс
НАЙМ. Орлого ба хэрэглээ
Mass Consumption Theory буюу олон нийтийн хэрэглээний онол нь өргөн хүрээний бараа, үйлчилгээний хэрэглээ эдийн засгийн өсөлтийг хэрхэн дэмждэг, мөн хүмүүсийн нийгмийн үнэлэмж, өөрийн үнэмлэхүй дүр төрхийг хэрхэн бүрдүүлдэг болохыг судалдаг. Боловсрол нэг талаасаа хэрэглээг өдөөх, нөгөө талаасаа хэрэглээг хязгаарлах хүчин зүйл болдог. Эдийн засгийн онолууд боловсрол болон хэрэглээний зан төлөвийн хооронд нарийн төвөгтэй холбоо байдгийг харуулдаг. Тодруулбал, боловсролын түвшин бага байх нь хэрэглээг нэмэгдүүлдэг, масс үйлдвэрлэлийг дэмжих нэг арга болдог бол эсрэгээрээ боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь илүү ухаалаг болдог байна. Нийгэм судлаачдын үзэж байгаагаар уламжлалт боловсролын тогтолцоо нь зөвхөн мэдлэг олгох бус, мөн масс үйлдвэрлэл ба масс хэрэглээний системийг дэмжих үүрэг гүйцэтгэж ирсэн гэсэн шүүмжлэл дагуулдаг.
Энэ чиглэлийн судалгаагаар батлагдсан хэд, хэдэн зүйл байдаг. Тодруулбал, боловсрол багатай хүмүүсийн орлого тааруу байдаг. Орлого бага байх тусам орлогынхоо илүү их хувийг хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг эдийн засагт ахиу хэрэглээний хандлага (High Marginal Propensity to Consume – MPC) гэж нэрлэдэг. Боловсрол багатай хүмүүсийн санхүүгийн мэдлэг доогуур байна. Санхүүгийн мэдлэг бага байх нь эргээд богино хугацааны хэрэглээг нэмэгдүүлэх хандлага бий болгодог. Бага боловсролтой хүмүүс өнөөдрийн орлогоор хэрэглээгээ тохируулдаг учраас хадгаламжгүй байдаг л гэсэн үг. Хадгалж хуримтлуулдаггүй учраас зээл, лизингийн үйлчилгээг дэмжигч хэрэглэгч болж “хүмүүждэг.” Ингэхээрээ л орлого нь урт хугацааны зээл болдог таагүй гинжин хэлхээнээс салдаггүй байх нь.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Боловсрол тааруу иргэд борлуулалт өсгөж өгдөг үү" нийтлэлээс
ЕС. “Ахуй”
“Огт байхгүй. Харин хөндүүр гэж нэрлэж болох дурсамж бий. Гэхдээ хөндүүр, хөндүүр бусаасаа үл хамаарч аливаа дурсамж минь одоо цагт зориг хайрлах юм уу, зориг мохоодоггүй. Одоо цагийн асуудлаа өнгөрсөн, ирээдүйтэйгээ барагтай л бол холбодоггүй. Тулаад ирсэн асуудлыг туулаад л гарна. Өөр дүрэмгүй”.
Бичнэ гэдэг эдгэрэхийн нэр буюу. Түүний өгсөн хариултаас ийм бодолтой үлдэв. Дурсамжуудаас надад үргэлжид хөндүүртэй нь дайгдаж, цаг хугацааны сүйхэд минь морилдог байсан хэрэг үү. Харин түүнд бол өөр. Хайрлах, эс халирахаас үүдэн тэр аж төрж сурсан шиг санагдана. Өнгөрснөө тэмтэрч, ирээдүйгээ бодон санааширч суухгүйгээр өөдөөс сөрж ирсэн бүхнийг туулаад л гарах дүрэмтэй тийм амьдрал. Номын сүүлчийн хуудсуудыг нэгийг ахин сөхлөө. “...Ээж ээ гэх үг мэт. Хөршүүд мэнд мэдэх мэт. Шуудан ирэх мэт. Гэрийн үнэр мэт. Нохой гар долоох мэт. Аадрын өмнөх агаар мэт. Сартай шөнийн өвсний гэгээ мэт. Аргал цогших мэт. Чи ирэх мэт”. Тэр ингэж бичээд гурван цэг хатгасны хойно “Хөнгөрөв” гэжээ. Таталсан юм шиг санагдах мөнөөх гурван цэгт үргэлжилж болох хэчнээн олон, ээнэг юмсын дүрслэлийг багтааж болох талаар төсөөлөв. Ямартаа ч яг одоо бол нэгийг нэмбэл “Ахуй”-г унших мэт...
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Ганцаар санаж, хамт мартах хөндүүр" нийтлэлээс
