
Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын чансаанд дахин ухарч, 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Ингэснээр манай улс дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар багатай дөрвөн улсын нэгээр нэрлэгдэж байна.
Швейцарийн Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгээс (IMD) дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь жил бүр эрэмбэлдэг. Улмаар тус үзүүлэлт нь олон улсын хөрөнгө оруулагчдад аль улсад хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаа шийдэх нь гол гарын авлага нь болдог онцлогтой. Нэн чухал энэ үзүүлэлтэд Монгол Улс сүүл мушгисан нь энэ. Манайх 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнөх онынхоос хоёр байраар ухарлаа. Монгол Улсын ард Нигери, Намиби Венесуэл орсон юм.
Тайланд дурдсанаар өрсөлдөх чадварыг тодорхойлдог эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтэд бүхэлд нь Монгол Улс оноогоо алджээ. Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бол засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад хоёр байраар ухарч 63 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Эдийн засгийн үзүүлэлт өөрчлөгдөхөд, ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний экспорт, оффисын түрээсийн үнэ зэрэг үзүүлэлтүүд эергээр нөлөөлсөн байна. Гэвч экспорт нэг түншээс хэт хамааралтай байх, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар, үйлчилгээний салбарын экспорт, инфляц зэрэгт сүүл мушгижээ. Эдгээр нь байр ухрахад түлхэж болсон аж.
Харин засаглалын тал дээр, институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ. Харин бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гурван байраар урагшилж 62-д жагссан байна. Үүнд хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан нь нөлөөлсөн байгаа юм. Дэд бүтэц өмнөх оны адилаар 66 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна.
Монгол Улс өрсөлдөх чадвараараа сүүлийн 10 гаруй жил сүүл мушгиж байгаа. Тэгэхээр энэ удаа хоёр байраар ухарсан нь ганцхан жилийн савлагаа бус, олон жил үргэлжилж буй бодлогын доройтлын илрэл юм. Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харвал 2021, 2022 онд 62 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2023 онд 63, 2024 онд 64, 2025 онд 66 дугаарт бичигджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс таван жилийн хугацаанд тасралтгүй ухарч, дэлхийн өрсөлдөх чадварын чансааны сүүл хэсэг рүү улам ойртсон байна.
Өрсөлдөх чадвар гэдэг нь улс орон хэр их баялаг бүтээж байгааг хэмждэг үзүүлэлт биш. Харин тухайн улс хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, бүтээмжээ өсгөх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чадамжтай эсэхийг илэрхийлдэг чухал хэмжүүр. Тиймээс нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн, дэлхийн хөрөнгө оруулагчид аль улсад үйлдвэр барих, ажлын байр бий болгох, урт хугацаанд хөрөнгө оруулж, санхүүгийн харилцаатай болохоо шийдэхдээ энэ үзүүлэлтийг анхаардаг. Тиймээс өрсөлдөх чадвар муудах тусам хөрөнгө оруулалт хумигдаж, шинэ ажлын байр цөөрч, иргэд, ажилчдын цалин өсөх боломж хязгаарлагдана. Эцсийн дүндээ иргэдийн амьжиргаа, бизнесийн орчин, улсын хөгжлийн хурд цөм удааширдаг.
Тиймээс Монгол Улс өрсөлдөх чадварын тайланг жил бүр уншаад өнгөрөх бус, яагаад олон жил сүүл мушгиж байгаагаа бодитоор дүгнэх шаардлагатай болжээ. Түүнчлэн тасралтгүй удаалж байгаа уг үзүүлэлт бид хаана яваагаа, манай орны нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг бодитоор харах, үнэлэх чухал боломж юм. Тогтвортой бодлого, хүчирхэг институци, бүтээмжтэй эдийн засаг, чанартай дэд бүтцийг бий болгож, дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулах зайлшгүй шаардлага, хэрэгцээ бий.