
Мексикийн эрх баригчид сэтгүүлч Эдуардо Флоресийн амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ мэдэгдэв. Тэрээр аюулгүй байдал, нийгмийн асуудал болон сураггүй алга болсон хүмүүсийн талаар сурвалжилдаг байсан юм. Түүний амь насыг хөнөөсөн хэрэг нь сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн халдлагын ээлжит тохиолдол боллоо.
Мексик улс сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орнуудын нэгт тогтмол тооцогддог. Лондонд төвтэй “Артикл 19” хүний эрхийг хамгаалах байгууллагын баримтжуулснаар, 2000 оноос хойш Латин Америкийн энэ улсад сэтгүүлчдийн амь нас хохирсон 181 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр хэргийн олонх нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд хүчтэй нөлөөтэй бүс нутгуудад гарсан бөгөөд 2026 оны эхний долоон сарын хугацаанд зургаан сэтгүүлч амиа алдсан байна.
Эдгээр аллагын хэрэг барагтай л бол илэрдэггүй. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага өнгөрсөн онд Мексикийг сэтгүүлчээр ажиллахад хамгийн аюултай хоёр дахь газар хэмээн эрэмбэлжээ.
Флоресийн ажилладаг байсан “Энфоке Информативо” (Enfoque Informativo) хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр, түүний цогцсыг бямба гарагийн орой Герреро мужийн өмнөд хэсэгт орших, жуулчдын хөл ихтэй Акапулько хотын захаас олсон байна. “Энэ халдлага бидний хамтран зүтгэгч, найз, үнэ цэнтэй хүнийхээ амийг авч одсон төдийгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд шууд халдлаа” гэж “Энфоке Информативо” мэдэгдэлдээ дурджээ.
Герреро мужийн прокурорын газар хүн амины хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн боловч Флорес хэрхэн амиа алдсан болон хэн нэгнийг баривчилсан эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна.