
Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг. 2026 оны байнгын үзэсгэлэнгээр нийт 6 үзэсгэлэнгийн танхимд 6 сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, цувралаар танилцуулж байна.
Монголын орчин үеийн дүрслэх урлагийн уран бүтээлч Т.Энхболдын бүтээлүүд хүн, цаг хугацаа, орон зай болон нүүдлийн амьдралын мөн чанарыг гүнзгий хөнддөг.
Тэрээр өрөг болон үйлдлийн урлагийг нэгтгэх замаар өөрийн гүн ухааны үзэл санаа, дотоод ертөнцийг бие махбод болон эд юмс руу шилжүүлэн илэрхийлдэгээрээ онцлогтой. Байгалийн бодит үзэгдэл, хүний сэтгэл зүйн язгуур төлөв, байгаль орчны тэнцвэрт бус байдал зэрэг нийгэм, соёлын олон талт сэдвийг харуулахдаа тэрээр үзэгчээс оюуны идэвхтэй эрэлхийлэл, утга санааны гүнзгий тайлал шаардсан өвөрмөц шийдлийг ашигладаг.
Уг үзэсгэлэнд дэглэгдсэн уран бүтээлчийн тулгуур бүтээл болох, 2016 онд Монголын уран зургийн галерейн “Оны шилдэг бүтээл”-ээр шалгарсан “Хаалгач” видео өрөг урлаг нь байгалийн хүчин зүйлд идэгдэж зэвэрсэн гэр хорооллын хашааны хаалга, түүх өгүүлэх олдворууд болон өөр өөр орон зайд гүйцэтгэсэн үйлдлийн урлагийн баримтуудаас бүрдэж байна. Эл бүтээл нь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаа болон байгаль дэлхийтэйгээ харилцах язгуур шүтэлцээг өдөөн хатгасан өвөрмөц “хаалга” буюу шилжилтийн бэлгэдэл юм.




Үүний адилаар үзэсгэлэнд тавигдсан “Аргалант”, “Загал”, “Эх газар”, “Сав шимт”, “Түүхийн бичээс”, “Тэнцэтгэл”, “Алтан хумс”, “Хамгаалагч” зэрэг бүтээлүүд нь өнөө цагийн Монголын дүр төрхийг нийгэм, сэтгэл зүйн өнцгөөс шинэлэг хэллэгээр нээн илэрхийлжээ.
Уран бүтээлчийн хувьд “олборлолт” хэмээх ойлголт нь амьдрал, нийгэм, байгаль, цаг хугацааны давхаргаас утга санаа эрж хайх, түүнийг уран бүтээлээр дамжуулан дахин илэрхийлэх үйл явц, энэ утгаараа тус үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн эрэл хайгуулын явцад “олборлон” гаргаж ирсэн үзэл санаа, дурсамж, ажиглалт, олдворуудыг нэгэн орон зайд зангидан харуулж буй юм.