
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төв цэг нь нийслэл Улаанбаатар хот.
Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг энэ хотод нийт аж ахуйн нэгжийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулж, улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг. Улсын хүн ам өсөж, эдийн засаг өргөжихийн хэрээр хөгжлийн гол орц, амьдралын амин чухал хэрэглээ болсон усны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Өнөөдөр нийслэлийн иргэд долоон эх үүсвэрээс жилдээ 58 сая шоо метр ус олборлон унд, ахуйдаа хэрэглэж байгаа. 2016 оноос эхлээд эрдэмтэд, тэр дундаа Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүд одоо ашиглаж буй долоон эх үүсвэрийн нөөцийг судалжээ. Улмаар “2023, 2024 оноос эхлээд эх үүсвэрүүдийн нөхөн сэргээгдэх хэмжээ, хэрэглэж байгаа хэмжээтэйгээ нэг түвшинд хүрч, түүнээс цааш нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ нь хэрэглээгээ гүйцэхгүй болох эрсдэлтэй” гэсэн суурь судалгааны дүгнэлт гаргасан.
Товчхондоо, Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн үг. Энэхүү судалгаанд үндэслэн Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Усны Компакт хөтөлбөрийг АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийтдээ 461.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Ач холбогдол, зарцуулж буй мөнгөнийх нь хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ гээд аль ч талаас нь бодсон энэ бол мега төсөл. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах цогц төсөл нь цэвэр усны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хэрэглэж буй цэвэр усыг хэмнэх, усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.
Томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа энэ үед Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүд эхнээсээ ашиглалтад орсон нь монголчууд томоохон цар хүрээтэй мега төслүүдийг хэрэгжүүлэх жишгийг тогтоож байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулж буй хоёр үйлдвэрийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр энэ сарын 16-нд нээлтээ хийв. Энэ үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал усыг дахин боловсруулж, III, IV дулааны цахилгаан станцад нийлүүлж байгаа юм. Хаяж байсан зүйлийг баялаг болгоно гэдэг гайхамшиг.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал уснаас өдөрт 50 мянга, жилд 18 сая хүртэлх шоо метр усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр III, IV дулааны цахилгаан станц нь үнсээ зайлуулах, цамхгаа хөргөх зорилгоор газрын гүний цэвэр усыг биш Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс гарч буй дахин ашиглах цэвэрлэсэн усыг ашиглана. Энэ хэмжээгээр газрын гүний цэвэр усны хэрэглээ буурч, өмнө нь тооцоолсон нөөцийн хэмжээ нэмэгдэж байгаа юм.
Усны Компактын бас нэг чухал төсөл нь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл юм. Уг төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчимд Туул гол дагуу 30 худаг шинээр гаргаж, 55 км ус дамжуулах шугам хоолой татахаас гадна Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бариад байна. Энэхүү үйлдвэрийг Сонгинохайрхан уулын бэлд барьсан бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад оруулах юм. Шинээр гаргасан гүний худгуудаас олборлосон усыг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлэн Улаанбаатар хотын унд, ахуйн хэрэглээнд нийлүүлнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь жилд 50 сая шоо метр усыг гүн цэвэршүүлэн хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ойрын хэдэн арван жилдээ Улаанбаатар хот ундны усны хомсдолд орохооргүй болж байна. Хэрэв энэ үйлдвэрийг бариагүй бол цахилгаан тасардаг шиг удахгүй ус тасарч эхлэх байлаа.
Ус, цахилгаан бол хөгжлийн хамгийн суурь орц. Цахилгааны хомсдол үүсэж Улаанбаатар хотод томоохон үйлдвэр, орон сууцны хорооллуудыг олноор нь ашиглалтад оруулахад хүндрэлтэй болсон. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг бий болгоогүй бол усны нийлүүлэлт ч бүтээн байгуулалтын хурдаа гүйцэхгүй байдалд хүрэхэд ойрхон байв. Харин одоо ус тасрах аюул алсран холдлоо. Хүн ам одоогийн хурдаараа өсөж, барилгажилт энэ эрчээрээ урагшилсан ч усны хэрэглээгээ шинэ эх үүсвэрээсээ бүрэн хангах боломжтой болж байгааг усны мэргэжилтнүүд хэлж байна. Ийнхүү энэ үйлдвэр улаанбаатарчуудыг унд, ахуйн хэрэглээний усаар тэтгэх юм. Энэ утгаараа Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг Монголыг тэтгэх Мега төсөл гэхэд хэн ч маргахгүй.

Компакт хөтөлбөрийн хүрээнд монголчуудад Хаягдал ус дахин боловсруулах, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж өгөөд л орхиж байгаа юм биш. Үйлдвэрийг цааш нь авч явах боловсон хүчнийг нь ч бэлтгэж, бодлого, эрх зүйн орчныг нь ч сайжруулах урьдач нөхцөлийг нь бүрдүүлж өгч буйгаараа онцлог. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Монголдоо анхдагч.
Орчин үеийн техник технологиор тоноглогдсон эдгээр үйлдвэрийг хариуцан ажиллаж, үйл ажиллагааг нь цааш авч явах нь манай улсын усны салбарын мэргэжилтнүүдэд шинэ сорилт. Тиймээс Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг нь гарган усны салбарын мэргэжилтнүүдийг гадаадад чадавхжуулах сургалтад хамруулсан юм. Хоёр үйлдвэрийг цаашид авч явах газар нь Ус сувгийн удирдах газар.
Ус сувгийн удирдах газар болон Нидерландын вант улсын ус ашиглалтын байгууллагуудын хооронд түншлэл тогтоож, давхардсан тоогоор 184 инженер, техникийн ажилтныг үе шаттайгаар чадавхжуулах 11 удаагийн сургалтын аяллыг зохион байгуулж, 150 гаруй сургалтад хамруулж, туршлага судлуулав. Мөн Ус сувгийн удирдах газар НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн харьяа Усны байгууллагуудын түншлэлийн дэлхийн холбоо (GWOPA)- нд гишүүнээр элсэх, үндэсний хэмжээнд сургагч-ментор байгууллага болох эхлэлийг тавьсан. Ийнхүү Усны Компакт хөтөлбөр усны шинэ эх үүсвэрийг байгуулаад зогсохгүй, цэвэр усны нөөцийг хамгаалж, хаягдал усыг цэвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах хоёр том үйлдвэр ашиглалтад оруулж, тухайн үйлдвэрүүдийг хариуцан авч явах мэргэжилтнүүдийг нь бэлтгэлээ. Үүнээс гадна ус ашиглагч байгууллагууд, иргэдийн усны үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэвшмэл хандлагыг өөрчлөх, гэр хорооллын төвийн шугамд холбогдсон 180 худгийг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, ус хангамжийн үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх чадавхыг бий болгоход туслалцаа үзүүлэх зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, цэвэр усны үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэмнэлт, хэрэглэгчид гээд цогцоор шийдвэрлэх хөтөлбөр хэрэгжиж дуусах шатандаа ороод байна.
Усны Компакт нь зөвхөн дэд бүтцийн төсөл биш, харин ирээдүй үеийнхэнд амьдрахад таатай, эдийн засгийн хувьд өргөжин тэлэх боломжтой хот үлдээхэд чиглэсэн стратегийн ач холбогдолтой хөтөлбөр юм.
Усны Компакт хөтөлбөр нь хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Монгол Улсын хөгжилд хүч нэмэх энэхүү томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон сорилт бэрхшээл тулгарсан ч бүгдийг нь төлөвлөсөн таван жилийн хугацаанд нь багтаан дуусгаж байна. Нэр шигээ “мянган” сорилтын дундуур Монголын Мянганы сорилтын сангийнхан туучсаар бүгдийг хугацаанд нь амжуулав.
Ингэж амжуулахын тулд жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл бүтээн байгуулалтын ажлаа зогсоохоор төлөвлөсөн хуваариа өөрчилж, жилийн дөрвөн улирал зогсолтгүй ажиллажээ. Хөтөлбөрийн үндсэн гүйцэтгэгч дөрвөн компанийн хоёр нь үндэсний компани байв. Стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гэрээг баримтлан хэрэгжүүлэхэд олон улсын туршлагатай компаниуд, өндөр ур чадвартай мэргэжилтэн экспертүүдийн оролцоо яах аргагүй чухал байсан юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг олон улсад томоохон инженерийн байгууламжийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн Туркийн МАПА компани гүйцэтгэсэн бол хөтөлбөрийн менежментийн зөвлөхөөр АНУын Тетра тех компани ажиллажээ. Харин Хаягдал ус дахин боловсруулах төслийн бүтээн байгуулалтад М Си Эс Проперти болон М Си Эс Интернэйшнл компаниуд ажилласан юм. Мөн Монголын үндэсний 100 гаруй компани туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Бүтээн байгуулалтад оролцсон ажилтнуудын 91 хувь нь монголчууд өөрсдөө байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсон даруйдаа дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй тусламжийн төсөл хөтөлбөрүүдээ түр зогсоож, заримыг нь бүр цуцалсан. Манай улсад хэрэгжүүлж буй Мянганы сорилтын корпорацын хоёр дахь хөтөлбөр Усны Компактыг гурван сар гаруй хугацаанд түр зогсоосныхоо дараа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэж шийдвэрлэхэд бүх ажлаа төлөвлөсөн хугацаанд нь хийсэн, гүйцэтгэл өндөртэй, Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд нөлөөлсөн. Ийнхүү АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь хөтөлбөрөө өндрөөр үнэлэн хэрэгжүүлж дуусгах шийдвэр гаргаснаас гадна гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг хүлээн авч судалгааны ажлаа эхлүүлээд байна. Энэ бол Усны Компакт хөтөлбөрийн хэрэгжилтийг өндрөөр үнэлсний илэрхийлэл юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Би сарын өмнө АНУ-д ажиллахдаа Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландаутай уулзаж гуравдугаар Компактыг хэрэгжүүлэх санал тавьж, хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд ямар төсөлд чиглүүлэх вэ гэдгээ танилцуулсан.1.Нүүрснээс эрчим хүч гаргах төсөл, 2.Газрын ховор элемент дээр хамтарч ажиллах төсөл, 3.Боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллаж, говьд, эсвэл Хархорин хотод дэлхийн хэмжээний үлэг гүрвэлийн музей байгуулах санал тавьсан.АНУ манай энэ саналд ач холбогдол өгч байгаа. Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хүмүүс Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцохоор ирэхдээ энэ саналыг судалж холбогдох хүмүүстэй нь уулзах үүрэг даалгавартай ирсэн. Энэ хүрээнд төлөөлөгчидтэй Засгийн газар хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт хийсэн. Ингэснээр Засгийн газар хоорондын томоохон хэлэлцээний эхлэл тавигдаж байна.
АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь нэг улсад гурван хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй бөгөөд дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болбол Монгол нь гурван хөтөлбөр хэрэгжүүлсэн анхны улс болох юм.