
Эрт цагийн үлгэрт ах дүү долоон бор оготно алгын чинээ газар дээрх цасаа цэвэрлэхдээ, шагайн чинээ шар тос олж, түүнийг идсэн хамгийн балчираа зодсоор байгаад алчихдаг. Харин эдүгээ бол өөдөсхөн газрын мөс, цасан дээр унаснаас болж, хөгжлийн бэрхшээлтэй болох хүний тоо хором, хормоор нэмэгдэх болов. Улаанбаатар хотын хувьд өвлийн улирал заримынх нь айдас, нөгөө заримынх нь хувьд хөгжлийн бэрхшээл, үлдсэн заримынх нь аминд халгаатай улирал боллоо. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуульд заасан 50 метр орчим эзэмшлийн талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлдэггүй, харин төр нь энэ зөрчлийг хянадаггүй байдал нь халтиргаа, гулгаатай орчинг бий болгож, хэдэн мянган иргэн халтирч унах эрсдэл дор алхаж байна. Зун, намар, хавартаа скүүтэр, мопедод дээрэлхүүлж, бэртэж, гэмтдэг нийслэлийнхэн өвөл нь нэг иймэрхүү дүр зурагтай.

Уг нь аж ахуйн нэгж, албан байгууллага орчныхоо 50 метр хүртэлх цас, мөсийг дор бүр нь арилгаж, мөсөн гулгуурын талбай болголгүйгээр иргэдийн тухтай алхах нөхцөлийг бүрдүүлэхээр хуульчилсан. Гэсэн ч хэзээ ч энэ нь биелдэггүй. Өнгөрсөн жил гэхэд л Улаанбаатар хотод халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 10267 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас тусламж авчээ. Мөн 2025 оны эхний 11 сарын байдлаар халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 5365 хүн тусламж үйлчилгээ авсан байна.

Хамгийн харамсалтай нь манай улсад осол гэмтлийн тоо буурахгүйгээс гадна улам нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд Монгол Улсын хэмжээнд 222564 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 5.6 хувиар өсөн хамгийн их тохиолдолтой жил болсон юм.

Осол дунд уналт тэргүүлж, уналт дотор цас мөсөн дээр халтирах тохиолдол дээгүүр эрэмбэлэгдэж буйг дараах хүснэгтээс бэлхнээ харж болно.




Харин уналтын төв Улаанбаатар болохыг дараах тоонууд харуулж байна.

Ийнхүү жилээс жилд ослын тоо, энэ дундаа унаж бэртсэн иргэдийн тоо өсөн нэмэгдэж байхад бид бүдэрсээр, бүдэчсээр, хараасаар, ерөөсөөр өвлийн ард гарч байна. “Цасаа цэвэрлээч”, “Цасыг нь цэвэрлүүлээч” гэж дуугарах завгүй. Эрүүл бөгөөд аюулгүй орчинд амьдрах эрхэнд алхам тутам заналхийлсээр байтал үүнийг анзаарах сөхөөгүй түгжирцгээж бас бээвийж алхсаар.
Цас, мөстэй халтиргаатай орчин хүний эрхийг зөрчиж буйн хамгийн тод жишээ бол ахмад настнууд. Тэд халтиргаанаас айхдаа гэрээсээ гарч чадахгүй, нийгмийн харилцаанд орж чадахгүй сууна. Тодруулбал, 2022 онд Геронтологийн үндэсний төвөөс ахмад настнуудаар орчныг үнэлүүлэхэд гадна орчны аюулгүй байдалд 70 хувь нь сэтгэл ханамж дунд, муу гэсэн үнэлгээ өгсөн байна. Ийнхүү настанд ээлтэй орчин бүрдээгүй байдал нь ахмад настанг ганцаараа гарч явж байгаад унаж бэртэх, осолд өртөх вий гэсэн айдаст автуулж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хамгийн том хүлээс болсоор байна.
Гэхдээ халтиргаанаас айдаг хүмүүст дуулгах нэг сайн үйл явдал энэ долоо хоногт боллоо. Үүдэнд нь халтирах л ёстой юм шиг хандлагатай ААН, байгууллага, СӨХ, халтирч, бэртэх л ёстой юм шиг шаардлага тавьдаггүй иргэдэд том сануулга болох хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 29-нд шийдэгджээ. Гэвч олны анхааралд өртсөн нь энэ долоо хоног.
Хуульч О.Батхүү өөрийн фэйсбүүк хуудаснаа өнгөрсөн мягмарт гарагт (2025.12.02) “Иргэн байрны гаднаа халтирч унаад бэртжээ. СӨХ цасаа цэвэрлээгүй гэж 3.1 сая нэхэж. Шүүх СӨХ-өөс 1.6 сая төгрөг гаргуулахаар шийдсэн байна” хэмээн бичсэнээр энэ асуудал олны анхааралд өртөв. Сайтуудын мэдээ болоод ч амжив. Шүүхээр шийдэгдсэн энэ хэргийн талаар товч танилцуулвал, оршин суугч Д.Н******* нь 2022 оны аравдугаар сарын 30-ны өдрийн өглөө Сууц өмчлөгчдийн холбооны харуулын байрны хажууд халтирч унан бэртсэний улмаас сүүжний гурван яс цуурч эрүүл мэндэд нь гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. Шүүхээс хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын болон 50 метр хүртлэх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэн хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбооноос гэмтлийн улмаас эмчилгээний зайлшгүй зардалд мэс заслын зардал болох 1 618 000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой зардал 53 000 төгрөг, нийт 1 671 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 514 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Орц, гарц, үүд, хаалга орчмын цасаа цэвэрлэхгүй бол ийнхүү өр төлбөрт унах эрсдэлтэйг бодитоор сануулж, оршин суугчдын группт голдуу үүнийг түгээсэн харагдана. Энэхүү постын нөлөө юу, эсвэл өөр зүйл үү мэдэхгүй. Хэзээ ч үүднийхээ цасыг цэвэрлэдэггүй манай байрны СӨХ хүртэл гадаах цасаа цэвэрлэжээ.
Хэрэг ийнхүү шийдэгдсэн нь хэнэггүй СӨХ, ААН-үүдэд том сануулга болсон нь гарцаагүй. Дэлхийн бусад улсуудын жишгийг харахад ч гэсэн торгуулийн системээр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан байдаг аж. Жишээлбэл, Финланд, Норвеги, Канад зэрэг хүйтэн улиралтай орнуудад өвлийн улиралд гулгаж унах гэмтлийг хамгийн үр дүнтэй бууруулдаг хүчин зүйл бол торгууль юм байна. Жишээ болгон Канад улсын халтиргааг шийдсэн туршлагын тухай дэлгэрэнгүй өгүүлье.
Канадын Торонто хотод өвлийн улирал буюу 11-4 дүгээр сард 30 мянган хүн гулгаж унан яаралтай тусламж авч, 2800 хүн эмнэлэгт хэвтдэг байсан бөгөөд жил бүр энэхүү зардалд 10.7 сая канад доллар зарцуулж байжээ. Тиймээс үүнийг багасгахын тулд гудамжны хажуугийн явган замыг дөрвөн цагийн дотор цэвэрлэх журам гаргасан бөгөөд хэрвээ биелүүлэхгүй бол 100-350 канад долларын торгууль оногдуулахаар болжээ. Торонто хотын эрүүл мэндийн газрын дүн шинжилгээнд дурдсанаар “Явган зам, орчны цас мөсийг тогтмол цэвэрлэх нь ахмад настны уналт, хугаралыг хамгийн үр дүнтэй бууруулах арга болсон” хэмээжээ.
Канадын томоохон хотууд өвлийн халтиргаа, гулгааг удирдаж болдог эрсдэл гэж үздэг. Тэдний шийдэл нь цас, мөсөө цэвэрлээгүй иргэн, ААН-ийг 100-1000 канад доллароор торгох, цас зогссоноос хойш 24 цагийн дотор цэвэрлээгүй бол давтан торгууль ногдуулж, хэрэв дахин биелүүлэхгүй бол хот өөрөө цэвэрлээд зардлыг нь тухайн эзэмшигчдээс шүүхээр гаргуулдаг байна. Энэ бүхний үр дүнд
Гэхдээ хамгийн сонирхолтой нь Торонто хотын Захиргааны судалгаагаар “Торгуулийн бодлого хэрэгжсэнээр иргэдийн идэвх буурсангүй, харин хотын аюулгүй байдлыг дэмжих ухамсар 2-3 дахин өссөн” гэж дүгнэсэн байна.
Халтиргааг шийдсэн хотуудын туршлагаас харахад хариуцлагагүй байгууллагууд хэзээ ч сайн дураараа хөдөлдөггүй бөгөөд торгууль хамгийн хүчтэй хэрэгсэл болдог байна. Торгуулийн бодлого хэрэгжсэн хот бүрт халтиргаа, гулгаатай холбоотой гэмтлийн тоо 20-40 хувийн хооронд буурсан нь судалгаагаар тогтоогджээ.
Хэрвээ бид дэлхийн жишгийг дагаж, торгуулийн системийг бодит болгож чадвал гэмтлийн эмнэлэгт үзүүлэх өвчтөнүүдийн тоог 20-30 хувь буурах боломжтой нь харагдана. Санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Бэртсэн нэг өвчтөний эмчилгээний дундаж зардал 100 мянгаас хоёр сая төгрөг гэж тооцъё. Өнгөрсөн жил халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн, Гэмтлийн эмнэлэгт хандсан 10267 хүнийг үүгээр үржүүлвэл 1-20 тэрбум төгрөгийг шууд ба шууд бусаар бууруулах боломжтой байгаа биз. Торгуулийг хариуцлагатай болгосноор хөдөлмөрийн чадвар алдалт буурахаас гадна байнгын айдастай өвөлжин гэртээ суудаг ахмадуудын нөхцөл сайжирна. Дагаад хотын соёл ч өөрчлөгдөх ашиг тустай. Тиймээс иргэдээ хамгаалах торгууль бол шийтгэл биш, харин хүний эрхийг хамгаалах гол хөшүүрэг юм. Манай улсад цасаа цэвэрлэхгүй бол торгох хуулийн заалт байгаа. Хоёр ч хуульд бий. Тиймээс одоо хариуцлагаа л жаахан чангатгачихвал эмх цэгцтэй, иргэдийн эрх хамгаалагдсан, хүндээ ээлтэй хот болох нь цаг хугацааны асуудал юм.