
Ардчилсан Конго Улсад гарсан эболагийн дэгдэлтийн улмаас 80 гаруй хүн нас барж, хөрш Уганда руу тархжээ.
ДЭМБ эболагийн сүүлийн дэгдэлтийг “олон улсын хэмжээнд анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” гэж зарлалаа.
Конго Улсын зүүн хэсгийн Итури мужаас эхэлсэн энэхүү дэгдэлт нь эболагийн ховор төрлийн бундибугёо омгийг хамарч байгаа бөгөөд уг хувилбарт одоогоор батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр халдвар Угандад аль хэдийн бүртгэгдэж, дэгдэлттэй холбоотой тохиолдлууд Конго улсын нийслэл Киншасад хүрсэн тул бүс нутгийн өндөр эрсдэл үүсгээд байна. Гэсэн хэдий ч ДЭМБ үүнийг цар тахал гэж зарлахаас татгалзаж, шаардлагатай шалгуурыг хангаагүй гэж мэдэгджээ.
НҮБ-ын агентлаг мөн улс орнуудад хилээ хаах, худалдааг хязгаарлахгүй байхыг зөвлөсөн байна.
Африкийн өвчний тандалт, хяналтын төвөө мэдээлэхдээ баасан гарагт БНА Конго Улсын зүүн хойд хэсгийн Итури мужид, Уганда болон Өмнөд Суданы хил орчимд анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Бямба гаргийн байдлаар 88 хүн нас барж, 336 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгааг тус төв мэдээлжээ.
Дэгдэлт уул уурхайн идэвхтэй бүс болох Монгвалу хотоос эхэлсэн байна. Халдвар авсан хүмүүс дараа нь бусад бүс рүү зорчиж, өөр газруудад эмчилгээ хайснаар өвчнийг тараасан аж.
Африкийн өвчний тандалт, хяналтын төвөөс хүн амын шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн дэд бүтцийн сул байдал, Итури дахь зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийлэл зэрэг нь халдварыг хязгаарлах ажиллагааг хүндрүүлж болзошгүйг анхааруулжээ.
Конго Улсын Эрүүл мэндийн сайд Самуэл-Рожер Камбагийн мэдээлснээр дэгдэлтийн “анхны өвчтөн” нь дөрөвдүгээр сарын 24-нд Итури мужийн төв Буниа хотын эмнэлэгт эболатай төстэй шинж тэмдэгтэй ирсэн сувилагч байжээ.
Үүний зэрэгцээ Угандад Конго Улсаас ирсэн зорчигчидтой холбоотой лабораториор баталгаажсан хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь нийслэл Кампала хотод нас барсан байна.
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтан Триш Ньюпорт “Ийм богино хугацаанд ийм олон тохиолдол, нас баралт бүртгэгдэж дээрээс нь хэд хэдэн эрүүл мэндийн бүсээр тархаж, одоо хил даван тархаж байгаа нь маш ноцтой асуудал” хэмээн анхааруулжээ.
Эбола гэж юу вэ?
Эбола бол анх 1976 онд одоогийн Конго Улсын нутаг дахь Эбола голын орчимд илэрсэн, хүнд хэлбэрийн бөгөөд олон тохиолдолд үхэлд хүргэдэг вирусийн өвчин юм.
Зэрлэг амьтдаас, ялангуяа сарьсан багваахайнаас гаралтай гэж үздэг бөгөөд дараа нь хүнд халдварладаг байна.
Өвчин нь цус, бөөлжис, үрийн шингэн эсвэл бохирдсон хувцас, орны хэрэглэл зэрэг материал зэрэг биеийн шингэнтэй шууд хүрэлцэх замаар халдварладаг.
Одоогийн дэгдэлт нь анх 2007 онд Угандад илэрч байсан Бундибугёо омгоос үүдэлтэй юм.
Самуэль-Рожер Камба “Энэ омог маш өндөр нас баралтын түвшинтэй бөгөөд 50 хувьд хүрч болзошгүй” гэж мэдэгдээд Бундибугёо омогт вакцин ч байхгүй, тусгай эмчилгээ ч байхгүй гэдгийг онцолжээ.
ДЭМБ-ын зарласан онцгой байдал юу гэсэн үг вэ?
ДЭМБ-ын “олон улсын хэмжээнд анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” гэх зарлал нь олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд тус байгууллагын хоёр дахь хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг юм.
Тус байгууллага энэхүү дэгдэлт нь Ковид-19-ийн дараа нэвтрүүлсэн хамгийн өндөр түвшний “цар тахлын онцгой байдал”-ын шалгуурыг одоогоор хангахгүй байгааг онцолжээ.
Гэсэн хэдий ч ДЭМБ-ын Ерөнхий захирал Tедрос Адханом Гребрейсус “хүн амын хөдөлгөөн, худалдаа, аяллын холбоосууд болон тархвар судлалын тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан хөрш орнууд цаашдын тархалтын өндөр эрсдэлтэйд тооцогдож байна” гэж мэдэгдсэн байна.
Тус байгууллага хөрш орнуудад онцгой байдлын удирдлагын системээ идэвхжүүлэх, хил дамнасан хяналтыг чангатгах, батлагдсан тохиолдлуудыг нэн даруй тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг уриалжээ.
Мөн ДЭМБ ойрын хавьтлуудыг өдөр бүр хянах, халдварт өртсөн хүмүүсийг 21 хоног олон улсын аялал хийхгүй байх зөвлөмж гаргав.
Үүний зэрэгцээ ДЭМБ хил хаахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж ийм хязгаарлалт нь албан бус, хяналтгүй хил нэвтрэлтийг нэмэгдүүлж, халдвар хяналтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж анхааруулжээ.
Өмнөх дэгдэлтүүдийн талаар юу мэдэх вэ?
БНА Конго Улс 1976 онд вирус анх илэрснээс хойш дор хаяж 17 удаа эболагийн дэгдэлттэй нүүр тулсан. Үхлийн аюултай дэгдэлт 2018–2020 онд болж, бараг 2300 хүний аминд хүрсэн.
Тухайн үед Угандад ч мөн зарим тохиолдол бүртгэгдэж байжээ.
Өнгөрсөн жилийн өөр нэг дэгдэлт 34 хүний аминд хүрсний дараа арванхоёрдугаар сард дууссан гэж зарласан юм.
Эбола вирус анх илэрснээсээ хойш нийтдээ ойролцоогоор 15 000 хүний аминд хүрсэн бөгөөд бараг бүх тохиолдол Африкт бүртгэгджээ.