
Цар тахлын дараа засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжихээр 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, хугацааг 2028 он хүртэл сунгасан.
Энэ хүрээнд 1 сая жуулчин авах зорилт тавьсан боловч өнөөдөр ч энэ тоо мөрөөдөл хэвээр. 2023 онд манай улсад 594 мянган жуулчин ирсэн бол 2024 онд 727.4 мянга, 2025 онд 847.2 мянган жуулчин иржээ. Энэ оны эхний 3 сард ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсөж, 84 мянгад хүрсэн нь мөрөөдөл биелэх нь гэх битүүхэн горьдлого төрүүлсэн. Харамсалтай нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн үүнийг талаар болгох шинжтэй.
Ойрхи Дорнодын мөргөлдөөн нь олон улсын болон дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон хүндрэл учруулж буй. Дэлхийн томоохон нислэгийн авиа компаниудын хувьцаа огцом унаж, онгоцны түлшний үнэ өсөх, агаарын коридорууд хаагдах, нислэгүүд саатах, аяллын эрэлт буурсан зэрэг хүндрэлүүд хэдийнэ үүссэн. Манай улсад ч онгоцны түлшний үнийн өсөлтөөс үүдэж, нислэгийн билетийн үнэ энэ сарын 8-наас эхлэн нэмэгдлээ.
“Хүннү эйр” компанийн захирал П.Мөнхжаргал
Манай улсын шатахуун ОХУ-аас шууд хамааралтай. ОХУ-аас ирж байгаа шатахуун дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдлээ. Одоогийн байдлаар бид Улаанбаатарт нэг тонн шатахууныг 1300 ам.доллароор авч байгаа. Харин дэлхий дээр шатахууны үнэ илүү өссөн. Манай компанийн хувьд нийт нислэгийн 60 хувийг БНХАУ-ын хотууд руу хийдэг. Хятадад нэг тонн нь 970 ам.доллар байсан шатахуун өнөөдөр 1840 ам.долларт хүрч, хоёр дахин өсөөд байна. Зөвхөн Хятад биш Солонгос, Япон болон Казахстан гээд ер нь дэлхий даяар шатахууны үнэ нэмэгдсэн. Иймээс зардал нэмэгдэж, билетийн үнээ нэмэхээс аргагүйд хүрлээ. Бидний хувьд билетийн үнээ аль болох бага нэмэх бодлого барьж байгаа. Багаар нэмэхгүй бол билет үнэтэй байх тусам зорчигч урсгал багасдаг, улмаар авиа компанийн орлого буурахад нөлөөлдөг. Иймээс компанийн зүгээс онцгой горим руу шилжиж, хамгийн бага хэмжээгээр буюу 5-6 хувиар билетийн үнээ нэмж, зорчигч урсгалаа бууруулахгүй байх, компанийн бусад урсгал зардлаа танах чиглэлээр ажиллаж байна.
Авиа компаниудын хувьд түлшний зардал нь нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг бол үнэ өссөнөөс зардлын 45 хувьд хүрчээ. Иймээс ч билетийн үнэ нэмэх шаардлага үүссэн ч 4-6 сарын хувьд зорчигч урсгал хамгийн бага байдаг үе тохиож байгаа учир билетийн үнийг бага хэмжээгээр нэмэхийг зорьжээ. Компаниуд урсгал зардлаа танах, шинэ чиглэл нээхээ хойшлуулах, зарим хөрөнгө оруулалтаа царцаах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. 2025 оны байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт дотоод, гадаадын 18 агаарын тээвэрлэгч олон улсын 56 чиглэлд нислэг үйлдэж байгаагаас 23 нь хуваарьт, 33 нь захиалгат нислэг.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан
Манай улсад ирдэг нийт жуулчдын 50 гаруй хувь нь агаарын тээврээр зорчдог. Ойрхи дорнодын мөргөлдөөний улмаас онгоцны түлшний үнэ нэмэгдсэнээр авиа компаниуд билетийн үнээ чиглэлээсээ хамааруулж 200-400 мянган төгрөгөөр нэмээд байна. Зөвхөн нислэгийн үнэ төдийгүй жуулчдыг тосох, хүргэх тээврийн зардлаас эхлээд ресторан, зочид буудлын үнэд ч дизель түлш, зарим төрлийн шатахууны үнийн өсөлт шууд нөлөөлж, аяллын нийт өртөг 20-30 хувиар өсөхөөр байна. Аяллын өртөг нэмэгдэх нь аялагчдын шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг учраас зарим захиалга эхнээсээ цуцлагдаж байна.
“Улаанбаатар-2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 30-наас 4 сарын 10-ныг хүртэл үргэлжилсэн. Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас уг тэмцээнд орохоор бүртгүүлсэн 8 улсын баг тамирчид ирж чадалгүй зочид буудлын захиалгаа цуцалжээ. Геополитикийн нөхцөл байдал шууд утгаараа болоод аялал жуулчлалын салбарт шатахууны үнийн өсөлтөөр дамжиж жуулчны урсгалыг бууруулах нь. Тэгвэл 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын XVII чуулганд 170 гаруй улсын 10 мянга орчим зочид төлөөлөгч ирнэ гэж албаныхан мэдэгдсэн. Гэхдээ чуулганы оролцоо энэ хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Чуулганы бэлтгэл ажил хангалтгүй, салбар хоорондын уялдаа холбоо муу байгаагаас гадна хуралд ирэх зочдын нэрс, тоо тодорхойгүй хэвээр байгаа нь аялал жуулчлалын салбарынхны толгойг өвтгөсөөр. Салбар яамнаас 10 тур оператор компаниар дамжуулан чуулганы зочдыг байршуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, зочид буудлуудын захиалгыг түгжээд буй.
Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл
Зочид буудлуудын хувьд өнгөрсөн хугацаанд олон улсын арга хэмжээ зохион байгуулахдаа төртэй хамтарч ажилласаар ирсэн. Ингэхдээ үйл ажиллагаа зохион байгуулах газарт гортиглосон буудлуудаас түнш буудлуудыг сонгон шалгаруулж, сонгогдсон түнш буудлууд дээрээ зочдыг байрлуулах хуваарилалт хийдэг. Улмаар COP 17 нэгдсэн платформ дээр зочид буудлуудын мэдээллийг байршуулж, шууд захиалга хийгдэх байдлаар энэ ажил үргэлжлэх учиртай. Яг өнөөдрийн байдлаар Монголын зочид буудлууд дээр албан ёсоор COP 17-н зочид, төлөөлөгч гэдгээр захиалга огт хийгдээгүй. Харин бодлогын яамны хүсэлтийн дагуу зочид буудлууд өрөөгөө блоколсон байгаа боловч төрөөс урьдчилгаа төлбөр огт төлөөгүй. Иймээс өнгөрсөн 7 хоногт зочид буудлууд хуралдаж, өрөөний блокийг цуцалж, олон улсын захиалгын системүүдээ нээхээр болсон.
COP 17 нь жуулчдын оргил ачааллын үеэр болж байгаа учраас америк, европ жуулчдын хувьд хүндрэл үүсэж, тур оператор компаниуд жуулчдаа хаана байршуулах вэ гэдэг зовлонтой явна. Улсын хэмжээнд 630 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 89 нь 1-5 одны зэрэглэлтэй бол олон улсын сүлжээ 9 зочид буудал манайд бий. 2025 оны байдлаар Улаанбаатар хотын зочид буудлууд өрөөнийхөө 50-51 хувийг борлуулсан бол орон нутагт энэ үзүүлэлт 62 хувьтай байна. Ердийн үед ч хүчин чадлынхаа хагасаар ажилладаг зочид буудлуудын хувьд COP 17-н захиалгыг хүлээж байгаад хоосон үлдэх эрсдэлээ тооцож, ийнхүү захиалгын системээ нээхээс аргагүйд хүрчээ.

Олон салбарын хамтын ажиллагаагаар бий болдог, гадаад, дотоод нөлөөлөлд хамгийн эмзэг ч төрийн хамгаалалт энэ салбарт алга. Цар тахлын үед салбар 93-96 хувиар унаж, олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Хэдийгээр цар тахлын дараах сэргэлтийг сайн хийж аялал жуулчлалын салбар нь хурдацтай хөгжиж байгаа 20 орны нэгд орсон ч Ойрхи Дорнодын нөхцөл байдал салбарт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцох боломжгүй. Сөрөг нөлөөллийг бууруулахад төрийн дэмжлэг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Харин төрөөс энэ онд аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор хүүгийн татаасыг төсөвт тусгаж, зээл олгоод эхэлсэн. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 2 ба түүнээс дээш тооны үндсэн ажилтантай, НӨАТ төлөгч, хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн өргүй зэрэг шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Салбар яаманд 3000- 4000 аж ахуйн нэгж энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ ирүүлснийг гэрээ хийсэн 10 банканд хүргүүлжээ. Зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл, агаарын тээврийн хэрэгсэл гэсэн 6 үндсэн чиглэлээр 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай, чиглэлээс хамаарч үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа нь 12-72 сар, зээлийн дээд хэмжээг мөн чиглэлээс хамаарч 1-7 тэрбум төгрөг хүртэл байхаар журамд тусгажээ. Энэ онд нийт 250 тэрбум төгрөгийн зээл олгоход хүүгийн татаасанд төрөөс 13 тэрбум төгрөгийг банкуудад олгох юм. Салбар яамнаас өгч байгаа мэдээллээр нэг банканд л гэхэд 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Эрэлт өндөр байгаа ч эх үүсвэр бага энэ зээлийг олгох процесс удаашралтай, санхүүжилт тодорхойгүй гэх хариултыг банкууд өгч, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ найдлага тавин хүлээж сууна.
Зээлээс гадна аялал жуулчлалын салбарт төрийн тогтвортой бодлого хамгийн чухал. Сүүлийн хоёр жилд гурван ч Засгийн газар солигдоход салбарын сайд ч мөн гурав солигдлоо. Сайд дарга солигдох бүрд бодлого, шийдвэр өөрчлөгдөж, түүний цаана бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Геополитикийн эрсдэл өндөр байгаа энэ үед Монгол Улс “аюулгүй аяллын бүс” гэдгээ зарлаж, дэлхийд аялал жуулчлалын хамгийн том зах зээлд тооцогдож байгаа Энэтхэг улс болон Төв Азийн зах зээлээс жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх, гадаад сурталчилгааг жуулчин авчирдаг хувийн хэвшлээ дэмжих чиглэлд хандуулахыг шинэ салбарын сайддаа хувийн хэвшлийнхэн дайлаа.