
Хятадын зүүн өмнөд хэсгийн Жинжян хотын гутлын үйлдвэрт гал гарсны улмаас хамгийн багадаа 28 хүн амь үрэгдсэн талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.
Синхуа агентлагийн дамжуулсан дүрс бичлэгт барилгаас асар өтгөн хар утаа савсаж, зарим хүмүүс аврал эрэн дээвэр дээр хашигдсан байгаа нь харагдах аж.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин үйлдвэрлэлийн бүсэд гарсан гал түймэр үлэмж хэмжээний хохирол дагуулсныг тэмдэглээд, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох ёстойг сануулав.
Дэлхийн спорт гутлын 20 орчим хувийг үйлдвэрлэдэг Жинжян хотыг Хятадын "Гутлын нийслэл" хэмээн нэрлэдэг юм.
Гал түймэр пүрэв гаргийн үд дунд Huiteng гутлын үйлдвэрт гарчээ. CCTV-ийн мэдээлснээр, хэргийн газарт зуу зуун аврагчид шуурхай очсон бөгөөд 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж амжжээ. Одоогоор хэдэн хүн бэртэж гэмтсэн нь тодорхойгүй байна.
Урьдчилсан мэдээллээр, гал үйлдвэрийн нэгдүгээр давхарт буюу амархан шатах материал хадгалж байсан хэсгээс эхэлж гарсан байж болзошгүй байна.
Хятад улс өнгөрсөн оны 11-р сард Хонконг дахь хэд хэдэн орон сууцны барилгад гал гарч, 168 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдлын дараа өндөр барилга байгууламжуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх аяныг улсын хэмжээнд эхлүүлээд байсан юм.