
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр “Алтан цом”-ын долоодугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан болно. Хамгийн анхаарал татсан барилдаан улсын аварга О.Хангай тэргүүтэй “Од групп”, улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй “АПУ-Скайтел” багийн хооронд өрнөх юм. Хоёр багийн аль ялсан нь хагас шигшээд үлдэж цааш тэмцээнийг үргэлжлүүлнэ. Бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа “Алтан цом”-ын өнөөдрийн барилдаан 17:00 цагаас эхэлнэ.
Бөхийн өргөөнд маргааш Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Харин ням гарагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Түүний хувьд 2003 онд тав давж улсын начин, 2006 онд цолоо баталж өсөх идэр чимэг хүртсэн бол түүнээс хойш таван жилийн дараа буюу 2011 онд Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор 1024 бөх барилдахад ес даван үзүүрлэж, арслан цол хүртсэн юм. Улмаар 2013 онд улсын гарди Б.Гончигдамбаар ес даван түрүүлж Монгол Улсын 21 дэх аварга болжээ. Г.Эрхэмбаяр аварга улсын наадам долоон удаа шөвгөрсөн байна.