
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт Украины дроны цохилтын улмаас Оросын зарим бүс нутагт түлшний нийлүүлэлтийн хүндрэл, хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрлөө. Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтуудаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Ням гарагийн өглөө Украин ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодарын хязгаар болон Ярославлийн муж дахь газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт дроны цохилт өгсний улмаас гал гарчээ. Киевийн зүгээс Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийж буй эдгээр халдлагын улмаас ОХУ-ын зарим бүс нутагт түлшний ноцтой хомсдол үүсээд байгаа юм.
Зеленський мэдэгдэлдээ "Бид Оросын энэ дайныг үргэлжлүүлэх чадварыг сулруулах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Манай холын тусгалтай цохилт бүр Оросын дайны машины нөөцийг багасгаж, энх тайван руу ойртуулах бас нэг алхам болж байна" гэжээ.
Краснодар хязгаарын захирагч Вениамин Кондратьевийн мэдээлснээр, Славянск-на-Кубани хотын газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан галын улмаас ойролцоох тосгонд нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна.
Эдгээр халдлагын дараа Зеленський Путинд хандан "Украинаас гарч, энх тайвны төлөө алхам хийх"-ийг уриалжээ. Тэрээр мөн ОХУ-ыг дайныг зогсооход шахалт үзүүлэх зорилготой 40 хоногийн довтолгооны ажиллагааг зөвшөөрсөн тухай мэдэгдэв.
Харин Путин түлшний нийлүүлэлт, хуваарилалтын асуудлаарх өндөр түвшний уулзалтын үеэр үг хэлэхдээ, Украины дроны цохилтууд газрын тосны байгууламжуудад нөлөөлж, түлшний хомсдол үүсгэж байгааг онцолж, ийм халдлагын үр дагаврыг аль болох бууруулах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.