
Ормузын хоолой хаагдсан энэ үед дэлхийн нөөцөөс 400 сая баррель нефть гаргахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ Иран улсаас анхааруулга гаргалаа.
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус мэдэгдэхдээ Персийн булангийн стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойгоор “нэг литр ч газрын тос нэвтрүүлэхгүй” гэж мэдэгдэв. Энэ нь АНУ-Израил Ираны эсрэг хийж буй дайны үеэр дэлхийн эрчим хүчний зах зээлийг улам донсолголоо.
Исламын хувьсгалт гвардийн корпусийн Хатам аль-Анбия командлалын төвийн хэвлэлийн төлөөлөгч “АНУ, Израил эсвэл тэдний холбоотнуудтай холбоотой ямар ч хөлөг онгоцыг хууль ёсны бай гэж үзнэ” гэжээ. Мөн “Та нар нефтийн үнийг хиймлээр буулгаж чадахгүй. Нефтийн үнэ баррель нь 200 ам.доллар хүрнэ гэж хүлээ. Нефтийн үнэ бүс нутгийн аюулгүй байдлаас хамаардаг. Харин бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулж буй гол эх сурвалж нь та нар” гэлээ.
Энэ долоо хоногт дэлхийн нефтийн үнэ их хэлбэлзэж байна. Учир нь АНУ болон Израил Ираны эсрэг довтолгоогоо үргэлжлүүлж, харин Иран Ойрхи Дорнод даяар пуужин болон дроноор хариу довтолж байна.
Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 1/5 нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсанаас гадна Персийн булангийн зарим оронд олборлолт удааширсан нь нийлүүлэлтийн тасалдлын талаар ноцтой болгоомжлол үүсгэжээ. Мөн хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайн удахгүй дуусах шинжгүй байгаа нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж, нефтийн үнийг өсгөж байна.
Лхагва гарагт Ормузын хоолойд гурван усан онгоц суманд өртсөн гэж далайн аюулгүй байдлын компаниуд мэдээлэв. Тэдгээрийн дотор Тайландын далбаатай ачааны хөлөг Оманы хойд хэсгээс 11 далайн милийн (18 км) зайд довтолгоонд өртжээ.
Далайн тээврийн эрсдэл нэмэгдсэн ч Доналд Трамп хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор үргэлжлүүлэн зорчихыг уриалав.Тэрбээр “Тэд явж байх ёстой гэж бодож байна. Та нар аюулгүй байдлыг харах болно. Энэ байдал маш хурдан тогтворжино” гэж мэдэгдсэн юм.
Үүнээс өмнө НҮБ-ийн хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан дарга Том Флетчер Ормузын хоолойгоор хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэх “онцгой зөвшөөрөл” гаргахыг уриалаад “Сахарын өмнөд Африкийн олон бүсэд маш хэрэгтэй тусламж хүрэхгүй байна. Бид бүх талуудад хандан, Ормузын хоолой зэрэг тээврийн маршрутыг хүмүүнлэгийн ачаанд нээлттэй байлгахыг уриалж байна. Хамгийн их хэрэгцээтэй байгаа хүмүүст хаана ч тусламж хүрэх ёстой” гэсэн юм.
Нефтийн нөөцийг зах зээлд гаргана
Дайны дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөнд хариу арга хэмжээ авах талаар Их долоо болон ЕХ-ны орнууд хэлэлцэж байна. Копенгагены Их сургуулийн олон улсын харилцааны профессор, далайн аюулгүй байдлын шинжээч Кристиан Буэгер “Хэрэв Ормузын хоолой нээгдэхгүй бол Европ маш том эрчим хүчний хямралтай тулгарна. Одоогоор усан тээврийн салбарын хувьд Ормузын хоолойгоор явах боломжгүй байна. Хэрэв ойрын хугацаанд дорвитой дохио өгөхгүй бол хэдэн долоо хоног, бүр хэдэн сар үргэлжлэх томоохон тээврийн хямрал үүснэ” гэдгийг анхааруулжээ.
Лхагва гарагт Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдэгдэхдээ 32 гишүүн орон нийтдээ 400 сая баррель нефтийг стратегийн нөөцөөс гаргахаар санал нэгтэй шийдвэрлэсэн гэжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “Энэ бол зах зээлд үүссэн тасалдлын шууд нөлөөг бууруулах томоохон арга хэмжээ. Нефть, хийн тогтвортой нийлүүлэлт сэргэхийн тулд хамгийн чухал зүйл бол Ормузын хоолойгоор тээвэрлэлтийг сэргээх явдал” гэж хэлэв. Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдэхдээ нөөц нефтийг улс бүр өөрийн тохиромжтой хугацаанд зах зээлд гаргана гэжээ.
Германы Эдийн засаг, эрчим хүчний сайд Катерина Рейчи Герман улс ч мөн нөөцөөсөө гаргана гэдгийг мэдэгдсэн. Мөн Австри стратегийн хийн нөөцөө нэмэгдүүлж, нефтийн нөөцөөсөө гаргахаа илэрхийлжээ.
Харин Японы Эдийн засаг, үйлдвэрлэлийн яам 80 сая баррель нефть гаргахаа мэдэгдэв.
Японы Ерөнхий сайд Санае Такаичи хэлэхдээ Япон нефтийн импортын 70 орчим хувийг Ормузын хоолойгоор авдаг бөгөөд нөөц гаргах ажиллагааг даваа гарагт эхлүүлнэ гэжээ.