Намрын номын баяр Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Та бүхэн номын баярын үйл ажиллагаанд зочилж, бүх төрлийн ном худалдан авах, зохиолчдын гарын үсгийг цуглуулах, дурсгалын зураг татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой. 

Ингээд уншигчдадаа номын баяраас авах боломжтой, шинээр гарсан онцлох 15 бүтээлийн тухай хүргэе.

AUM ПАБЛИШИНГ

Д.Урианхай | “САЛХИ УНШСАН, ОДОО...” (өгүүллэгүүд)

Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн "Салхи уншсан, одоо..." өгүүллэгийн түүврийг уншигчдадаа хүргэж байна.

Эл түүвэрт зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүд багтжээ.

Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргүүцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ.

Мөн тус өгүүллэгүүд нь Д.Урианхай зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс гадна хүний зан авирын мунхаг талыг дүрүүдээрээ товойлгон гаргаж, мөнөөх эрс дорой чанарыг нь амьтан, эсвээс байгалийн хүншүүлсэн дүрслэлээр эерэгээр нөхжээ.

П.Дэлгэрбаяр | “ТОЙРОГ” (кино тууж)

AUM паблишингийн тууж, өгүүллэгийн түүврийнхээ цувралынхаа тоог энэ удаад найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаярын "Тойрог" туужаар нэмлээ.

Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээ, бичлэгийн этгээд өнгө туужийн өгүүлэмжийг хэрхэн бий болгож, дүрүүдийг дам бэлгэдлээр илэрхийлснээрээ онцлогтой.

Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй.

Б.Алтанхуяг | “МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС” (өгүүллэгүүд)

Уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр. Тэрээр өмнө нь “Муурын байшингуудын түүх”, “Эрээн муурын үхэл” зэрэг хүүрнэл зохиолын бүтээлүүд хэвлүүлжээ. Харин энэ удаад 2019 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээс нь арван өгүүллэг сонгож эмхэтгэв.

Номын өмнөтгөлд орчуулагч Д.Дашмөнх ийнхүү дурджээ.

"...Тухайлбал мэдрэмжийн нугачаа атираа, төөрөгдөл, сэрэл, ухамсар, хийрхэл бүхнээ тоочин бичээд байдаг, сэтгэл зүйн гэмтэл, сэтгэцийн шарх, оюун билгийн төөрөгдлийг онцгойлон дөвийлгөн бичээд байдаг эмэгтэй баатартай орчин цагийн уран зохиолыг би таашааж огтоос чаддаггүй тул түүнээс тэс ангид өгүүлэмжтэй учир энэ өгүүллэгийн түүвэр лав ихэд таашаагдлаа".

Д.Урианхай | “ХУУЧИН ДҮРҮҮДИЙН ШИНЭ ДЭЭЛ” (өгүүллэгүүд)

Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Д.Урианхайн тус өгүүллэгийн түүвэр 1970-аад оны үед бичсэн боловч дутуу орхисон бүтээлүүдийг дахин засварлаж, нэмж баяжуулан уншигчдадаа хүргэж байна.

Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргүүцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ.

Мөн тус түүвэр нь зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс эрс өөр шинж чанартай бөгөөд дурсамж, түүн доторх бясалгалын шинжтэй бодролоос дүрийн дотоод дуу хоолойг бүтээж, шугаман бус хэлбэрээр туурвиснаараа онцлогтой.

ХАР МУУР хэвлэлийн газар

Эдогава Рампо | “ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ” (өгүүллэгүүд)

Санаанд оромгүйгээр аллага үйлдэж, жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг агаад алуурчид ч гэсэн адал явдалт зохиолын хорхойтнууд байдаг.

Эдогава Рампо гэдэг нь японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн уран зохиолын нэр юм. Үүний шалтгааныг мэдэхгүй уншигч ховор биз ээ. Детектив зохиолыг үндэслэгч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлага нь Эдогава Рампо болно. Титэм угаас Эдгар Аллан Под л байх учиртай бус уу. Артур Канон Дойл, Эдогава Рампо, Роберт Блох, Артур Уильяамс, Брэм Стөүкэр, Стивен Кинг… Тэд үүнд сэтгэл хангалуун явдаг, өөрсдөд нь титэм байх ёсгүйг сайн мэддэг хаад.

“Хар муур” хэвлэлийн газраас түүний өгүүллэгүүдийг Д.Дашмөнхийн дуун хөрвүүлснээр эмхэтгэн “Доктор Мэрагийн гэмт хэрэг” нэртэйгээр уншигчдад хүргэжээ.

Ч.Мөнхбаяр | “ЮУ Ч БИШ” (тууж)

Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршиж, шинэ эрэлхийлэл, илэрхийллийг бий болгосон Ч.Мөнхбаярын бүтээлүүд дүрслэлийн цоо шинэ, онцгой жишээ болсон юм.

Өдгөө түүний бүтээлүүд худалдаанд үгүй байсан бөгөөд Хар муур хэвлэлийн газрын зүгээс энэхүү содон туурвилчийн туужийг “Юу ч биш” нэрийн дор эмхэтгэн уншигчдад дахин хүргэж байгаа нь тун олзуурхууштай.

МОНСУДАР

Ж.Р.Р.Толкин | “БӨГЖНИЙ ЭЗЭН: ХААН ЭРГЭЖ ИРСЭН НЬ” (роман)

Толкины "Бөгжний эзэн" цувралын гутгаар дэвтэр "Хаан эргэж ирсэн нь" зохиол монгол хэлт уншигчдад хүрэх гэж байна. Тус бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж буй юм. 

Британийн зохиолч, хэл зүйч Жон Рональд Руэл Толкин 1892 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөд Африкийн төв хэсэгт байх Блумфонтейн хотноо төржээ. Толкины уран бүтээлийн замнал 1937 онд Хоббит хэмээх бүтээлийг нийтлүүлснээр эхэлжээ. Хоббит зохиол гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, зохиолчийн баялаг уран сэтгэмж олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан юм. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад , хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй. 
Зохиолч 1954 онд "Бөгжний эзэн" хэмээх удаах номыг арван долоон жилийн хугацааг зарцуулан бичиж дуусгасан юм. "Хаан эргэж ирсэн нь" бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн төгсгөл ном билээ.

CHIMEE

Салман Рушди | “ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД” (роман)

Рушдигийн хамгийн чухаг бүтээлүүдийн нэг бол Бүүкерийн шагналт бүх романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн “Шөнө дундын хүүхдүүд”.

Энэтхэг улс Британийн колоничлолоос гарсан шөнө Египедийн цаг хонх цохихтой уралдан хийгээд удаалж төрсөн 1001 хүүхэд, тэдний дундаас онцгой шид өвлөсөн боловч ямар нэгэн байдлаар бие эрхтний согогтой мэндэлсэн Салем Синайгийн өгүүлэн буй түүхээр дамжуулан өөрийн эх орны тусгаар тогтнолын үеийн улс төрийн түүхийг Рушди уран зохиолын ертөнцөд шинээр бүтээдэг. Учир нь Салемийн хувь тавилан, энэ бие махбод нь улс эх орныхоо хувь тавилантай салшгүй холбоотой.

Хүүхдүүдийн ид шид өвлөсөн хийгээд биеийн зарим эрхтнээсээ ичгүүр мэдрэх тэрхүү бодит ахуйн дүрслэлүүдийн уран зөгнөлийг шидэт реализмын түүчээгээр үргэлжлүүлэхдээ Энэтхэг улсын тухайн үеийн нийгмийн хүмүүсийн сэтгэлзүй, улс төрийн эргэлт, хүлээснээс ангижирсан шинэ төрийн онцлогийг гүнзгий хөндөн гаргадаг.

ТАГТАА ПАБЛИШИНГ

Сун Вон Пёнг | “БҮЙЛС” (роман)

Тагтаа хэвлэлийн газар Өмнөд Солонгосын зохиолч, кино найруулагч Сун Вон Пёнгийг "Бүйлс" романыг уншигчдад хүргэхэд бэлэн болжээ.

Уг роман нь зохиолчийн анхны бүтээл бөгөөд 2016 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хориод хэлнээ орчуулагдаж, сая гаруй хувь борлогдож, залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналыг хүртсэний сацуу BTS хамтлагийн гишүүн RM хамгийн дуртай номоороо нэрлэж, мөн хамтлагийн Мин Юнги буюу Август-Ди энэхүү номоос сэдэвлэн "Амигдала" дуугаа бичиж, дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсээр буй.

Алекситимия буюу мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньж, илэрхийлж эс чадах эмгэгтэй Юнжэ, эцэг эхээсээ төөрч амьдралын түмэн нугачаан дунд унаж боссоор өсвөр насанд хүрсэн Гон хэмээх үе тэнгийн хоёр хөвгүүний түүхээр дамжуулан хүмүүний оршихуй, ганцаардал, нөхөрлөл, энэрэн нигүүлсэхүйн тухай өгүүлэх хурдтай өрнөл, өвөрмөц дүрүүд бүхий сэтгэл хирдхийлгэм атлаа халуун дулаан бүтээл юм. Уг романыг Б.Дэлгэрмаа монгол хэлнээ хөрвүүлжээ.

Этгар Керет | “БУРХАН БОЛОХЫГ ХҮСДЭГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ” (өгүүллэгүүд)

Богино өгүүллэгийн мастер, Израил-Польшийн зохиолч Этгар Керетийн тус номыг орчуулагч Б.Сувддуламын хөрвүүлснээр Тагтаа хэвлэлийн газрын зүгээс уншигчдад анх удаа хүргэж байна.

Амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч тэрбээр “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч (2004)”, “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил (2013)” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ.

Мөн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино бий. Түүний бүтээлүүд дэлхийн 48 орны хэлээр орчуулагдсан юм.

BOOBOOKS

ЗАМДАА ГАРЦГААЯ ХҮРЭЭ ХӨВГҮҮДЭЭ...

Тэд зургуулаа байлаа. Өөр өөрийн мөрөөдөл, эргэлзээ, хүсэл тэмүүлэлтэй залуус. Улаанбаатарын хуучны гудамж, цоожтой хаалга, кафе, баар, шөнийн хот - бүгдэд нь тэдний айзам шингэсэн. Тэднийг нөхөрлөлөөс илүү үг, үзэл санаа холбож байв. Тэд өөрсдийгөө баатар хэмээн цоллоогүй, бас цаг үеэ эсэргүүцэгч ч гэж бодоогүй. Харин “Өөрөөр амьдарч, өөрөөр мэдрэх” хүсэлд уусан, нэгэн уриа дор нэгдсэн хөвгүүд явлаа: “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ.”

Энэ үг бол тэдний амьдралын гол утга, энэ номын цохилох зүрх нь юм. “Замдаа гарцгаая” хэмээн бусдыгаа дуудаж ахуйдаа тэд гудамжны нэг булангаас нөгөөг зорьсонгүй. Тэдний зорилго ирээдүй рүү, өнгөрч хуучирснаас холдож өөрсдийн гэсэн “өнөө”-г бүтээх дуудлага байв. Энэ бол залуу насны эрчим, эрсдэл, эрэл хайгуулын түүх. Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн их тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм.

Билли Коллинс | “ӨДИЙХНИЙГ САНАНАМ” (шүлгүүд)

Орчин цагийн яруу найргийн ертөнцөд хэн нь ч Билли Коллинс (1941) шиг олонд танигдаагүй, түүнийх шиг хэмжээний алдар нэрийн оргилд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Түүний оролцох яруу найргийн уншлагын тасалбар хэдэн мянгаараа зарагдаж, хэвлэлийн газрууд шинээр хэвлэгдэх түүвэрт нь зургаан оронтой тоогоор хэмжигдэх урьдчилгаа өгдөг байсан нь саяхан. Өдгөө 80 хэдийнээ гарсан ч долоо хоног бүр цахимаар уншлага хийхэд нь хэдэн арван мянган хүн түүнийг шууд сонсдог нь хэвээрээ байна.

Коллинсын шүлгүүд үнэхээр ч егөө хошигнол, хурц хоржооноор дүүрэн. Шүлэг гэдэг ердөө гуниг гутрал, эсвэл шаналант гацаа биш; харин өндөр дээд боловсрол, хурц түргэн ухаан, айхавтар мэдрэг совин, ёжлолын хүч, нөлөө болохыг Коллинс сайн мэднэ. Тэгээд л биднийг тэр “Шүлэг дотор хулгана тавиад сүлжин сүлжсээр замаа олон” буцаад гараад явахыг нь сайн хар, ажигла хэмээн зөвлөж байна.

Уг түүвэрт түүний өөрөө сонгож, 1997 онд өөрийн дуу хоолойгоор бичүүлэн олны хүртээл болгосон “Хамгийн сайхан янжуур” нэртэй хуурцагт багтсан шүлгүүдээс нь болон уншлага бүрдээ чухалчлан шигтгэдэг алдартай бүтээлүүдийг нь багтаахыг зорьжээ.

RITM паблишинг

Херман Хэссэ | “ДЭМИАН” (тууж)

Хэрмэн Хэссэгийн “Дэмиан” тууж 1919 онд анх хэвлэгдсэн бөгөөд XX зууны уран зохиолд чухал байр суурь эзэлдэг. Энэ нь өөрийгөө танин мэдэх, хувь хүний дотоод ертөнцийн зөрчил, нийгмийн хүлээсэнд захирагдах ба түүнээс ангижрах гэсэн гол сэдвийг хөндсөн бүтээл юм. Зохиолыг анх “Эмил Синклер” нэрээр хэвлүүлсэн бөгөөд энэ нь гол дүрийн нэр төдийгүй зохиогчийн өөрийнх нь дотоод “би”-гийн илэрхийлэл гэж үздэг.

Туужид Эмил Синклер хэмээх хүүгийн өсөлт, сэтгэлзүйн хувьсал, түүний ертөнцийг үзэх үзэл хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлнэ. Синклерийн амьдралд гарч ирсэн нууцлаг, хүчирхэг зан чанартай Макс Дэмиан түүний багш, замч болж, сайн, муу, гэрэл, харанхуйн тухай уламжлалт ойлголтыг эвдэж, амьдралын үнэнийг эрэлхийлэхэд түлхэц өгдөг. Ингэснээр зохиолд хувь хүний чөлөөт сэтгэлгээ, бие даасан ухамсар луу тэмүүлэх аяллыг дүрсэлжээ.

“Дэмиан нь экзистенциализм, сэтгэлзүйн уран зохиолын өнгө аясыг шингээсэн бүтээл бөгөөд уншигчийг өөрийн дотоод мөн чанараа шинжихэд уриалдаг. Зохиолд архетип, бэлгэдэл, зүүд зэрэг сэтгэлзүйн гүн ухааны шинж чанарууд хүчтэй туссан нь З.Фрейд, К.Г.Юнгийн онолтой ч харгалддаг. Энэ тууж Хэссэгийн уран бүтээлийн оргилын нэг бөгөөд 1946 онд Нобелийн шагнал хүртэхэд нь томоохон нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг.

БУСАД

П.Майнбаяр | “ЦААСНААС АМИЛСАН ХҮН” (роман)

Яруу найрагч, зохиолч П.Майнбаярын “Цааснаас амилсан хүн” роман уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Зохиолч өмнө нь хүүрнэл зохиолын төрлөөр “Хагас нь элс, хагас нь эс” нэртэй өгүүллэгийн түүврээ уншигчдад хүргэсэн юм.

Түүний хүүрнэл яруу найргийн дүрслэл зонхилхоос гадна, дүрийн өгүүлэмжийн дотоод дуу хоолой уншигчийг эргэцүүлэлд хөтөлж, гүн ухааны шинжтэй агуулгаар үйл явдлын дотоод шугамыг бий болгодог билээ.

Г.Цэрэнлхам | “ХАРАНХУЙ ЦАЙЗЫН НУУЦ” (роман)

Орчлон хорвоо үнэхээр бидний олж нээсэн, таньж мэдсэн шиг зүйл мөн үү? Хаа нэгтээ, биднээс далд зэрэгцээ ертөнц оршиж, үлгэр домгоос л үзэж, харсан тэдгээр зүйлс бодитоор оршдог бол хэрхэх бол? Энэ асуудлыг бид урлаг, уран зохиолын олон олон туурвил, бүтээлүүдээс үзэж, харсаар ирсэн. Харин манайд энэ төрлийн зохиол тийм ч их биш.

Тэгвэл зохиолч Г.Цэрэнлхам өөрийн төсөөллийн ертөнц, уран сэтгэмжид тулгуурлан бүтээсэн “Харанхуй цайзын нууц” хэмээх анхны романаа уншигчдад хүргэх гэж байна.