
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр парламентад суудалтай таван нам, эвслийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар оролцлоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаа дурдлаа.
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-д суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.