Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд болж байна.

Үндэсний сурын харвааны эхний 20 сум буюу Хана харвааны урьдчилсан дүн гарлаа. Эрэгтэй харваачдаас Монгол Улсын гоц харваач О.Сүхбаатар, аймгийн мэргэн Б.Хатансайхан, С.Ариунбат, Э.Батсайхан нарын харваачид 20 онож наадмын харвааг тэргүүлж эхэллээ. Эхний 20 сумнаас 20 оносон дөрвөн харваачийн гурван харваач нь аймгийн мэргэчүүд байна.

Мөн Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх, С.Сүрэнжав, Монгол улсын онч харваач Н.Алтантулга, аймгийн мэргэн Х.Алтансум, Монгол улсын тод харваач Ж.Эрдэнэбилэг, аймгийн мэргэн Н.Бат-Эрдэнэ, Х.Хүрэлтуяа, Ч.Эрдэнэ-Оюун, Ш.Баянмөнх, Ч.Жаргалсайхан нарын 25 харваач 20 сумнаас 19 онож тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Эмэгтэй харваачдаас Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа, аймгийн мэргэн С.Хулан нар 20 сумнаас 20 онож сурын харвааг тэргүүлж эхэллээ. Мөн Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, Монгол Улсын мэргэн Л.Одсайхан, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа, Монгол Улсын гоц харваач П.Даваадорж, Монгол Улсын онч харваач Б.Энхболд, аймгийн мэргэн Б.Цэцэгмаа, Л.Мөнхзул, Т.Мөнхшүр, Ж.Нарантуяа нарын 10 гаруй харваач 20 сумнаас 19 онож тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг маргааш 08:00-13:00 цагийн хооронд Сурын талбайд үргэлжлэн явагдана.