
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна
Төрийн гацаа арилсангүй
Эрх баригч намын дотоод зөрчлөөс үүдэлтэй парламентын гацаа сар шахам үргэлжилж байна. Сөрөг хүчин яаж ч улс төр хийж байсан эрх баригчид сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж төрийн ажлыг урагшлуулж байх учиртай. Гэвч олонх дотроо сөрөг хүчинтэй болж олон хоног парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд оруулсан эрх баригч нам Хууль зүйн сайдын томилгоон дээр л ганцхан өдөр ирц бүрдүүлж чуулгандаа суув.
Н.Учралыг Засгийн газартаа дахин сэлгээ хийхийг намынх нь 30-ийн талын фракц шаардаж эхэллээ. Тэд Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулахыг шаардаж Ерөнхий сайдад хандахаа мэдэгдсэн. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан уучлалт гуйхгүй, огцрохгүй гэж мэдэгдэв. Эрх баригчид нэгэндээ гоморхож, сөрөг хүчин сөрж л байвал зөв гэсэн улс төрөө хийж байх хооронд УИХ-аар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлууд овоорсоор байх ахул тэд харин нэг нэгнээсээ уучлалт нэхсээр. МАН-ын бүлгийн талцал хуваагдлаас болж УИХ-ыг тараах үг яриа ч ил тодоор гарч эхэллээ. АН-ын гишүүн Ө.Шижир өнгөрсөн долоо хоногт парламентыг тараах анхны санаачлагыг гаргасан бол түүний араас МАН-ын бүлгийн гишүүн Х.Ганхуяг D-Parliament дээр УИХ-ыг тараах өргөдөл гарган олон нийтээс санал авахаа мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан энэ тухайд "Монгол Улсын парламентыг тараахад хоёр арга зам байдаг. Нэгдэх нь парламентын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 84 гишүүн гарын үсэг зурснаар энэхүү асуудлыг хэлэлцэх нөхцөл үүснэ. Хоёр дахь нь Засгийн газар огцроод шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй 30 хоног болсон тохиолдод Ерөнийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргадаг. Эхний боломж парламентад байхгүй гэж харж байгаа. Бусад гишүүдийн ярьж байгаачлан Засгийн газрыг дахин бүрдүүлэх нөхцөл бүрдэхгүй 30 хоногийн хугацааг аваад Ерөнхийлөгч зарлиг гаргах түвшинд хүргэнэ гэвэл МАН Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулиа зөрчөөд тарах нөхцөл рүүгээ орох аюултай. Намын удирдлагууд нам, төр засгийн эрхийг хангахын төлөө зорьж ажиллана гэдэг нь ойлгомжтой асуудал" гэв.
Баасан гарагт арайхийж ирцээ бүрдүүлсэн парламент дээр ямартай ч 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв. Ингэхдээ Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарласан юм.
Тэрээр "Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг. Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна" хэмээв.
Нью-Йоркт ажиллах үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэв.
АХБ: 2027 онд Монгол Улсын ДНБ 6 хувь, инфляц 8.3 хувьд хүрнэ
Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцууллаа.
Тус банкнаас манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) буюу эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь болж өснө гэсэн өмнөх тооцооллоо хэвээр үлдээлээ. Харин инфляцын төсөөллийг нэмэгдүүлж, 2026 онд 10.7 хувь, 2027 онд 8.3 хувь байхаар шинэчилсэн байна. Үүнд мах, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа тул төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болсон" гэв.
Харин эдийн засагт учирч болох дөрвөн эрсдлийн хувьд:
Шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрах эрсдэлтэй. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжин нөлөөлөх эрсдэлтэй.
Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл үүснэ. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурна гэж тооцсон ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай аж.
Төсвийн тэлэлт буюу төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлснээр зардал нь өрхийн хэрэглээгээр дамжиж эдийн засагт эергээр нөлөөлөх боловч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэх магадлалтай.
Уул уурхайн орлогын савлагаа нь Монгол Улсын эдийн засгийн суурь эрсдэл ч гэлээ төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал Монгол Улсын эдийн засаг эмзэг болно гэж таамаглаж буй аж.
12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгоно
Энэ долоо хоногийн байдлаар 12 аймгийн суурин газруудад баавгай орж ирсэн тухай 240 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийслэл Улаанбаатар хотын бүсэд л гэхэд хөвчийн хүрэн нэвтэрсэн тухай хоёр дуудлага бүртгэгджээ.Үүний шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, идэш тэжээлийн дутагдал, ургац тааруу зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа.
1980-аад оноос хойш манай улс хүрэн баавгайн тооллого явуулж байгаагүй бөгөөд тухайн үед 500 гаруй тоо толгой баавгайтай байжээ.
Засгийн газрын хуралдаанаас баавгайн аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан унтуулах тусгай сум, буу, цацлага зэргийг худалдан авахад нэг тэрбум 88 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Мөн байгаль хамгаалагчдад шатахууны зардал зэрэг нэмэлт санхүүжилт олгох юм байна. Түүнчлэн байгаль хамгаалагчдад баавгайг амьдаар нь барих тор хийлгэх, 12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгохоор болжээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт баавгай агнах гурван квот өгч байгаа юм байна.
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
Улсын хэмжээнд 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га-г ангилан хадаж, 85.3 мянган га-гаас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га-гаас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 79.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 17.6 мянган га-аас 54.1 мянган тонн, тосны ургамал 3.7 мянган га-аас 3.1 мянган тонн тус тус ургац хураан аваад байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га-аар буюу 45.7 хувиар, төмснийх 3.2 мянган га-аар буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га-аар буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га-аар буюу 92.9 хувиар илүү, харин тосны ургамлын ургац хураалт 5.1 мянган га-аар бага байна.
Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 159, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлээс 1293 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 630 сонсогч, байнгын 21500, түр ажилчид 393, нийтдээ 26 000 хүн ургац хураалтад оролцож байна.