
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-28-нд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 866 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн нэг мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.