
Кино шүүмжлэгч Панос Котзатанасисын “Asian Movie Pulse” веб сайтад бичсэн найруулагч С.Бямбын Зогсоол киноны шүүмжийг та бүхэнд орчуулан хүргэж байна.
Цар тахлын үеийн бүтээлүүдийн санаа шавхагдаж дуусаагүй болохыг нэгэн Монгол кино батлан харууллаа. Зураглаачаас замналаа эхлүүлсэн С.Бямбын “Зогсоол” бүтээл цар тахлын эхэн үеийн галзуурсан мэт уур амьсгалыг суурь дэвсгэрээ болгон ашигласан ч өмнөх үеийн тусгаарлалтын тухай кинонуудаас хавьгүй баялаг түүхийг хүүрнэжээ. Монгол болон Германы хамтарсан уг бүтээл ёгтлол егөөдөл, хайр дурлал, жижиг сумын амьдралын талаарх нарийн ажиглалтыг тэнцвэртэйгээр хослуулж, ухаалаг бөгөөд хөгжилтэй өнгө аясыг бүрдүүлж чаджээ. Энэ нь ч Пусаны кино наадмын шүүгчдэд таалагдсан бололтой. “Зогсоол” Пусаны ОУКН-ын "Vision" хэсгээс "Vision of Jiseok Award", "NETPAC Award", "FIPRESCI Award" болон"Hylife Vision Award" гэсэн дөрвөн шагнал хүртсэн юм.
Холын замд ачаа тээвэрлэдэг жолооч Сүмбэр нэгэн сумын төвд ирэх үед цар тахлын тухай мэдээ авсан сумын удирдлага хөл хорио тогтоодог. Цар тахлын тохиолдол бүртгэгдсэн бүсээс ирсэн тул түүнийг орон нутгийн шатахуун түгээх станцад машин дотор нь тусгаарлах шийдвэр гарна. Ийнхүү тэр бяцхан суманд хөл хоригдсон анхны гаднын хүн болдог. Сүмбэрийг хооллож ундлах үүрэг шатахуун түгээх станцын ажилтан ганц бие ээж Хандаад ногдоно. Ажил олгогч болон эрх мэдлээ урвуулан ашиглах орон нутгийн удирдлагуудад мөлжүүлж, эрх мэдэл ба мөнгө бүхнийг шийдэх бяцхан суманд өсвөр насны охиноо өсгөх Хандаагийн амьдралд цар тахал ийнхүү нэгэн шинэ ачаа нэмнэ. Эхлээд Сүмбэрийг тээршээн үзэх Хандаа түүнтэй аажмаар харилцаж эхлэх бөгөөд хүчээр бий болсон энэхүү ойр дотно байдал тэр хоёрын амьдралыг өөрчилж эхэлдэг.
Найруулагч С.Бямба эдгээр олон асуудлыг ухаалаг бөгөөд урнаар нээн харуулж, эхнээсээ дуусах хүртэл үзэгчдийн оюун санааг өдөөхийн сацуу, сонирхолтой чанараа үл гээх нэгэн хүүрнэлд зангидаж чадсанд “Зогсоол”-ын гол гайхамшиг оршино. Хэдийгээр киноны үйл явдлын үндсэн дэвсгэр нь цар тахал ч өгүүлэгдэж буй түүх цар тахлаар хязгаарлагдахгүй бөгөөд харин ч ковид-19 вирус нийгэмд оршиж байсан утгагүй, инээдтэй зөрчлүүдийг илүү тод харуулдаг.
Шүүмжийн сумны эхний бай нь орон нутгийн удирдлага. Ур чадваргүй, дур зоргоороо, эрх мэдлийн араас улайрах тэд цар тахлын нөхцөлд улам ч инээдтэй харагдана. Эрх мэдэлтнүүдийг ухаалаг, хүйтэн хошигнолоор егөөдөх бөгөөд, тэдний тогтоосон хөл хорио зарим тохиолдолд инээдмийн жүжиг болон хувирна. Энэхүү арга барил нь зарим үзэгчид Адилхан Ержановын бүтээлүүдийг санагдуулж мэднэ. Ялангуяа нийгмийн шүүмж, абсурд инээдэм хоёр нэг нэгнийгээ дэмжин зэрэгцэн оршиж буйгаараа А. Ержановын бүтээлүүдтэй төстэй.
“Зогсоол” авлига болоод жижиг сумын улс төрийн харилцааг тун няхуур дүрсэлжээ. Хандаа халдварт өвчин дэгдэхээс ч өмнө төрөл бүрийн мөлжлөгт өртсөөр байдаг. Шатахуун түгээх станцын эзэн албан тушаалаа ашиглах бол, орон нутгийн албан тушаалтнууд хөл хорио зөвхөн энгийн иргэдэд үйлчлэх ёстой мэт авирлана. Онцгой байдал эрх мэдэлтнүүдэд бусдыг хянах шинэ боломж олгож байгаа хэрэг.
Гэхдээ хэт нийгмийн асуудлуудад төвлөрөлгүй хүмүүний амьдралын эмзэг нарийныг ч давхар өгүүлж чадсанаараа энэхүү кино илүү сэтгэл татам болжээ. Айдас хүйдэст автсан орчин Хандаа, Сүмбэр хоёрын хайр дурлалыг илүү нандин болгоно. Тэдний дурлал дохио зангаа ашигласан зайны харилцаанаас эхэлдэг. Сүмбэр Хандааг инээлгэхийг янз бүрээр оролдсоор эцэст нь Хандаагийн хатуу зан аажмаар зөөлөрдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам Сүмбэрт дасах Хандааг энэ киноны хамгийн нандин хэсгүүдийн нэг. Учир нь тэдний хайр дурлал гэнэтийн огцом өөрчлөлтгүйгээр аажмаар аажмаар бий болдог.
Хандаа эхэндээ хэнтэй ч ойртон дотносохгүй гэж хатуу шийдсэн эмэгтэй мэт харагддаг нь хоёр гол дүрийг ялгааг тодотгож өгдөг. Туулсан амьдрал нь түүнд бусдад, ялангуяа эр хүнд итгэх шалтгаан үлдээгээгүй нь илт. Харин ачааны машинаасаа гарах ч эрхгүй хоригдсон Сүмбэр түүнээс тэс өөр хүн. Хэн хэнийх нь тусгаарлагдсан нөхцөл байдал тэдний харилцааны үндэс болон хувирдаг.
Хандаа болон түүний охин хоёрыг харилцааг илүүтэй дэлгэрүүлэх боломжтой байсан мэт. Охиныхоо хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тохиолдож буй бэрхшээл Хандаагийн зан чанар, түүний амьдралыг ойлгох өөр нэгэн сонирхолтой өнцгийг нээж өгдөг. Эх охин хоёрын харилцаанд арай илүү цаг зарцуулсан бол киноны илүү хүчтэй сэтгэл хөдөлгөхүйц болох байсан. Гэхдээ үүнийг том сул тал гэж үзэмгүй.

Чулуунбатын Булган хатуу, ядарч туйлдсан, ёжтой төрхийн араас аажмаар нээгдэх зөөлөн сэтгэлийг туйлаас үнэмшилтэй хослуулан Хандаагийн дүрийг гайхалтай бүтээжээ. Киноны турш дахь Хандаагийн хувирал огт хиймэл санагдсангүй. Тэр Сүмбэрийн анхаарал халамжид аажмаар автаж эхэлдэг ч олон жилийн мөлжлөгөөс үүдсэн гомдол цөхрөл нь бүрэн арилдаггүй. Дамдиндоржмийн Цолмонгийн биеийн хэлэмжээр бүтсэн хошин тоглолт, машины кабинд хоригдох ч Хандаагийн сэтгэлийг татах гэсэн хөгжилтэй үйлдлүүд нь мартагдамгүй. Киноны ихэнх хугацаанд нэг нэгнээсээ тусгаарлагдан орших Хандаа ба Сүмбэр хоёрын хайр дурлал үзэгчид үнэмшилтэй болж чадсан нь Булган ба Цолмон хоёрын жүжиглэлтийн зохицол өндөр түвшинд байсныг илтгэнэ.
Болдсайханы Хангайн зураглалын ажил “Зогсоол” киноны бас нэгэн хүчтэй тал юм. Монголын уудам тал нутаг киноны гайхамшигтай дэвсгэр болжээ. Ялангуяа алсын зураг авалтууд хараа булаана. Хөвөө хязгааргүй хөх тэнгэр, нүдэнд торох зүйлгүй тал нутаг ачааны машины давчуу бүхээг, эсвэл тусгаарлагдсан сумын төвийн бяцхан орон зайтай хүчтэй эсрэгцэл үүсгэнэ. Ингэж эрх чөлөө ба хорио цээр зөвхөн үйл явдлаар бус зураг авалтын зохиомжоор ч илэрчээ.
Эвлүүлэг киноны туршид дунд зэргийн хэмнэлийг хадгалсан нь дүрүүдийн хоорондын харилцаа, элэглэл хөгжих орон зайг олгож, киног хөгжилтэй бөгөөд сонирхолтой болгожээ. Зарим хэсэгт нэг кадраас нөгөөд шилжих мөч, эвлүүлгийн хэмнэл инээдмийн үзэгдэл бий болгох хэрэгсэл болж, кинонд дүрслэгдэх хошин үйлдэл, үг ярианд хүч нэмж, улам ч үнэмшилтэй болгожээ.
“Зогсоол” ижил төрлийн кинонуудын боломжит санаа шавхагдсан мэт санагдаж байсан тэр үеэс харьцангуй хожуу нээлтээ хийж байгаа ч шинэ соргог байж чадсан онцгой бүтээл юм. С. Бямба цар тахлыг авилга, эрх мэдэл, ганцаардал болон хүн хоорондын холбооны тухай илүү өргөн хүрээтэй өгүүлэх дэвсгэр болгон ашиглажээ. Харин хоёр гол дүрийн сэтгэл хөдөлгөм хайр дурлал нийгмийн шүүмжийг хэт хүндрүүлэхээс ухаалгаар зайлсхийжээ. Нүд хужирлам зураглал бүхий, ухаалаг, хөгжилтэй бөгөөд төсөөлөмгүй уян зөөлөн эл бүтээл бүхий л талаараа зорилгодоо хүрч, цар тахлын тухай кино гэх шинэхэн дэд төрлийн хамгийн цогц бүтээлүүдийн нэг болон үлджээ.