
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Ерөнхий байцаагчийн шинэ тайланд дурдсанаар, АНУ-ын Нууц албаны ажилтнуудын кибер аюулгүй байдлын шаардлага хангаагүй дадал нь хамгаалалтад байдаг төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан байна.
Тайланд дурдсанаар, гадаадын тагнуулын байгууллага болон бусад дайсагнагч этгээдүүд Нууц албаны мэдээллийг таслан авч ашиглах боломжтой байсан нь АНУ-ын удирдагчид, хамгаалалтад байгаа хүмүүс болон ажилтнуудын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй байжээ.
Гол зөрчлүүд
Тайлангаар дараах асуудлууд илэрсэн байна. Тухайлбал,
Батлер хотод Дональд Трампын аминд халдахыг завдсан хэрэгтэй холбоотой асуудал
Тайланд 2024 оны долоодугаар сарын 13-нд Батлер хотод болсон Дональд Трампын амь насанд халдах оролдлогын үеэр гарсан харилцаа холбооны доголдлыг дахин онцолжээ.
Тухайн үед Засгийн газрын гар утас найдвартай ажиллаагүй тул нэг ажилтан сэжигтний зургийг хувийн утсаараа хүлээн авч байсан. Мөн Харилцаа холбооны олон өөр суваг ашигласнаас мэдээлэл дамжуулалт удааширсан. Хөдөө орон нутгийн сул үүрэн холбооны улмаас дроныг илрүүлэх технологийг цаг тухайд нь ашиглаж чадаагүй. Сэжигтэн Томас Мэттью Крүүкс дээвэр дээр гарч буудлага үйлдэхээс өмнө орон нутгийн цагдаа нар түүнийг анзаарсан ч мэдээлэл шуурхай дамжаагүй байна.
Нууц албаны тайлбар
Нууц албаны дарга Шон Курран агентлагийн зүгээс тайланд дурдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эхлэн харилцаа холбооны бодлого, журамд томоохон шинэчлэл хийсэн, хамгаалалтын ажиллагааны үеийн мэдээлэл алдагдах эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч байгаа гэж мэдэгджээ.
Одоогоор Нууц алба нийт 8000 орчим хөдөлгөөнт төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь агентлагийн дотоод систем болон хамгаалалтын эмзэг мэдээлэлд нэвтрэх боломж олгодог аж.
Тайланд мөн өмнөх нэг тохиолдлыг дурдсан байна. Холбоон мөрдөх товчооны мэдээлснээр, Мексикийн хар тамхины картелийн нэг бүлэглэл 2018 онд хакер хөлслөн Мехико хот дахь Холбооны мөрдөх товчооны өндөр албан тушаалтны хөдөлгөөнийг мөрдөж, улмаар боломжит мэдээлэгчдийг олж тогтоон амийг нь хөнөөсөн хэрэг гарч байжээ.
Ерөнхий байцаагчийн тайланд Нууц алба гадаадад ашигладаг хөдөлгөөнт төхөөрөмжийн хамгаалалтыг сайжруулахгүй бол үүнтэй төстэй эрсдэл үргэлжлэхийг анхааруулсан байна.