
Олон улсын жүдо бөхийн холбооноос “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнийг Улаанбаатарын “Их дуулга”-аас эхлүүллээ. Маргааш эхлэх Их дуулга тэмцээнд 58 улсын 454 тамирчин 14 жинд хүч сорих юм. Монгол Улсад ирсэн бөхчүүдийн дунд олимпын таван аваргаас гадна дэлхийн аварга цолыг хүртсэн 24 жүдоч байна. Мөн олимп, дэлхийн медальтан 60 гаруй жүдоч барилдахаар бүртгүүлжээ. Жин тус бүрийн дэлхийн чансааг тэргүүлж буй 6 тамирчин, түүнчлэн жингийнхээ дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэлэгдэж байгаа 84 бөх барилдана. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Итали, БНСУ, Казахстаниас 20-с дээш жүдоч оролцож байна. Мөн олимп, дэлхийн аваргуудтай Азарбайжанаас 19, Францаас 18, Японоос 14 жүдоч барилдана. Манай улсаас тэмцээнийг зохион байгуулагч давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрвөн тамирчин буюу нийт 56 тамирчин барилдахаар болсон.
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг албан ёсны тэмцээнүүдэд нэг ч ялагдалгүй байгаа цорын ганц жүдоч болох Японы Харүка Кажүгаас гадна “Токио-2020” зуны олимпын наадмын аварга, дэлхийн таван удаагийн аварга Абэ Үта, олимп, дэлхийн хошой аварга Чехийн Лукаш Крпалек, дэлхийн хошой аварга ОХУ-ын Инал Тасоев, Испанийн Николоз Шеразадишвили нарын алдартай тамирчид ирээд байна. Мөн олимп, дэлхийн аварга Хидаят Хейдаров, Лаша Шавдатуашвили, Зелим Коцоев нарын тэргүүтэй өнөө цагийн шилдэг тамирчид Улаанбаатарын татамид барилдахад бэлэн болжээ.
Олон улсын жүдо бөхийн холбоог төлөөлөн тэмцээний зохион байгуулалтад ажиллаж байгаа мэргэжилтэн, тайлбарлагч Шелдон Франко-Рукс хэлэхдээ “Улаанбаатарт болж буй тэмцээн жүдочдын дунд хамгийн их анхаарал татсан тэмцээний нэг болж байна. Энэ “Их дуулга” 2028 оны зуны олимпын оноо олгох тэмцээний эхлэл болж байгаагараа онцлог байгаа. Тиймээс тамирчдын чансаа маш өндөр байна. Миний хувьд хэлэхэд эрэгтэй, эмэгтэй аль ч жинд олимп, дэлхийн медальтнууд болон шинэ залуу тамирчид олноор барилдаж байгаа болохоор барилдаан бүр сонирхолтой байх болов уу гэж харж байна. Монголын тамирчдын хувьд илүү давуу байдал байгаа. Би эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөөн гарах болов уу гэж харж байна. Энэ жинд Монголын дөрвөн тамирчнаас хоёр нь ч медалийн тавцанд зогсохыг үгүйсгэх. Мөн эрэгтэй 60, 66, 73 гээд ер жин бүрт олон сонирхолтой барилдаан гарна. Хүнд жингийн өрсөлдөөнийг таамаглахад хэцүү байна. Тиймээс Улаанбаатарын “Их дуулга” бол үнэхээр хүсэн хүлээсэн тэмцээний нэг болж гэж харж байна” гэлээ.
Тэмцээн маргааш “AIC Steppe Arena”-д эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ.


