
Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе өөрийнх нь эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан дайралт хийсэн Парагвайн сенатор эмэгтэйд хатуухан няцаалт өгч, түүнийг «жигшүүртэй нэгэн» хэмээн нэрлэлээ. Өнгөрсөн бямба гарагт Филадельфи хотноо болсон тоглолтод Францын шигшээ баг Парагвайг 1:0-ээр хожиж шөвгийн наймд шалгарахад Мбаппегийн торгуулийн цохилтоос оруулсан гоол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Парагвайн хууль тогтоогч Селесте Амарилла X хуудсандаа Мбаппег “франц хүн болж харагдах гэж үхэн хатан зүтгэж буй колоничлогдсон Камерун гаралтай иргэн”, “эрдэм номгүй, бүдүүлэг эр” хэмээн бичжээ. Түүнчлэн Парагвайн хөлбөмбөгчид тоглолтын дараа түүнийг алгадах ёстой байсан хэмээн бичсэн байна.
Францын багийн ахлагч хариу мэдэгдэлдээ зөвхөн өөрийгөө өмгөөлөөд зогсохгүй Парагвайн хөлбөмбөгчдийг ч мөн өмөөрчээ. Тэрээр "Хатагтай Селесте Амарилла, та бол эрхэлж буй албан тушаалдаа огтхон ч тэнцэхгүй жигшүүртэй эмэгтэй юм. Та энэхүү тэмцээний туршид хөлс хүч, нэр төрөө зориулан тэмцсэн Парагвай улсыг төлөөлөх эрхгүй хүн. Таны увайгүй үйлдэл, улайм цайм арьс өнгөөр ялгаварлах үзлээс чинь болж, танай тоглогчдын энэ ДАШТ-д гаргасан түүхэн амжилт, зүтгэлийг дэлхий нийт аль хэдийн мартахад хүрлээ. Оронд нь улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд унагаж буй чадваргүй эмэгтэйг л харж байна. Би түүн шиг хүмүүст үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлээ дэлхий даяар чөлөөтэй түгээх боломжийг хэзээ ч олгохгүй" хэмээн хариу барьжээ.
Францын хөлбөмбөгийн холбоо энэ асуудлыг хурцатгаж, сенаторын хэлсэн үгийг “туйлын жигшүүртэй, хэрхэвч хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл” гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Тус холбооны мэдэгдэлд: "Энэхүү үг хэллэг нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд зэмлэн буруушаах ёстой үйлдэл юм. Түүнчлэн хаана ч байсан хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Францын хөлбөмбөгийн холбооны зүгээс хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар прокурорын газарт хандаж байна. Эдгээр үгс нь үүнийг хэлсэн болон түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийн нэр хүндийг л гутааж буй хэрэг. Францын шигшээ багийн тоглогчид Франц улсыг төлөөлдөг, тиймээс энэ бол манай улсыг доромжилсон хэрэг юм" гэжээ.