
Панамд баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа 200 гаруй удаа газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас тус улсын төвийн мужуудад олон зуун байшин барилга, дэд бүтэц эвдэрч гэмтсэн тул Засгийн газар амралтын өдрүүдээр улсын хэмжээнд онц байдал зарлажээ.
Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч 27 хүн гэмтэж, 900 орчим байшин барилга эвдэрсэн байна. Алслагдсан суурин газруудад хохирлын үнэлгээ үргэлжилж байгаа тул энэ тоо нэмэгдэж болзошгүй аж.
Онц байдал зарласан Засгийн газар гамшгийн тусламжид зориулан 100 сая хүртэлх ам.доллар хуваарилах боломжтой гэж Эдийн засгийн яам мэдээлэв.
“Бид одоогоор 200 гаруй удаагийн дараах чичирхийлэл бүртгэсэн, чичирхийлэл үргэлжилсээр байна. Гэхдээ хүч нь суларч, хоорондын зай нь уртасч байгаа” гэж Панамын их сургуулийн Геошинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Нестор Люк Ройтерс агентлагт ярьжээ.
АНУ гамшгийн хор уршгийг арилгахад зориулан таван сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа болон дэд бүтцийн хохирлын үнэлгээнд туслах 20 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээж байгаа гэж АНУ-аас Панамд суугаа Элчин сайд Кевин Марино Кабрера мэдэгдэв.
Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино гамшигт өртсөн бүс нутгуудад очиж, тусламж хүргүүлжээ. Мөн тусламжийн ажиллагааг хэвийн явуулахын тулд зам, гүүрийг яаралтай засварлах шаардлагатайг онцолсон байна.