
Өмнөд Африкийн шүүхээс хирсний эвэр хууль бусаар наймаалсан дэлхийн хамгийн том хэрэгт холбогдсон хоёр этгээдэд ял оноолоо. Ингэснээр бараг 20 жил үргэлжилсэн шүүх ажиллагааны нэг хэсэг өндөрлөж байна.
Өмнөд Африкийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэргийн гол зохион байгуулагч гэгддэг Дави Груневалд, хамсаатан Тилман Эрасмус нарт хирс хууль бусаар агнах, эврийг нь авах, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, мөнгө угаах зэрэг нийт 1700 гаруй хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн байжээ.
Груневалд төртэй тохиролцон буруугаа хүлээсний үндсэн дээр 2 сая рандын торгууль төлөх эсвэл дөрвөн жилийн хорих ял эдлэхээр болсон байна. Харин Эрасмус 100 мянган рандын торгууль төлөх эсвэл гурван жилийн хорих ял эдлэх шийтгэл авчээ.
Өмнөд Африк нь дэлхийн нэн ховордсон хар хирсний гуравны нэг орчим, мөн өмнөд цагаан хирсний 75 гаруй хувийг нутагшуулдаг. Гэсэн ч тус улс хирсний хулгайн агнуурын голомт хэвээр байгаа юм. 2024 онд Африк тивд бүртгэгдсэн ийм төрлийн гэмт хэргийн 81 хувь нь Өмнөд Африкт гарсан байна.
Хирсний эвэр нь зарим уламжлалт анагаах ухаанд ашиглагддаг ч хүний эрүүл мэндэд ямар нэг батлагдсан ашиг тусгүй гэж эрдэмтэд үздэг. Хар зах зээл дээр хирсний эвэр өндөр үнээр борлуулагддаг нь хууль бус ан агнуурыг өөгшүүлдэг.
Уг хэрэгт холбогдсон 11 хүнийг анх 2010 онд баривчилсан боловч олон удаагийн шүүхийн маргаан, давж заалдах ажиллагааны улмаас хэрэг 15 гаруй жилээр сунжирчээ. Энэ хугацаанд анхны яллагдагчдын хоёр нь, мөн улсын талын 185 гэрчийн 10 нь нас барж, зарим нь гадаад улс руу шилжин суурьшсан байна.