
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт хийх санал тавьжээ. Тэрээр дөрвөн жил үргэлжилж буй Украины дайныг Москвагийн ашиг сонирхолд нийцүүлэн дуусгах хэлэлцээ хийх санал тавьсан талаар The Wall Street Journal сонин ням гарагт хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-аас дизель түлш худалдан авах хэлэлцээр байгуулснаа зарлаж, баасан гарагт Москвагийн эсрэг голлох хориг арга хэмжээний зарим хэсгийг түдгэлзүүлэх захирамжид гарын үсэг зурсан юм.
Энэ асуудлаар мэдээлэл авсан ОХУ-ын тагнуулын албаны нэгэн экс ажилтан “Путин аравдугаар сарын 9-нд Трамптай утсаар ярих үеэрээ уг саналыг дэвшүүлсэн” гэжээ. Хоёр улсын хооронд дизель түлш нийлүүлэх хэлэлцээр байгуулах асуудал мөн энэ ярианы үеэр яригдсан байна.
The Wall Street Journal-ын мэдээлснээр, Кремль удахгүй болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр гурван талт яриа хэлэлцээ хийх санал дэвшүүлжээ. Уг дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 18–19-нд Шэньжэнь хотод болох юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус сонинд өгсөн ярилцлагадаа гурван талын боломжит уулзалтын талаар хэлэлцэж байгааг баталжээ.
“Уулзалт өөрөө болох эсэх, мөн хэлэлцэх асуудлын талаар одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ийм уулзалт зохион байгуулагдах боломж байгааг гурван тал бүгд хүлээн зөвшөөрч байгаа” гэж тэрбээр The Wall Street Journal-д ярьсан байна.
АНУ-ын өндөр албан тушаалтан харин Трамп ийм дээд хэмжээний уулзалт хийхийг хараахан зөвшөөрөөгүй боловч уг санааг нааштай хүлээн авч магадгүй гэжээ.
Путинтэй байгуулсан дизель түлшний хэлэлцээр болон Москвагийн эсрэг хоригийг түдгэлзүүлсэн Трампын захирамж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн шүүмжлэлийг дагуулсан байна. Зеленський эдгээр алхам нь Путиныг улам зоригжуулж, дайныг сунжруулах эрсдэлтэйг анхааруулжээ.