
Анх түүний урланд ороход л үлгэрийн орны далавчтай бяцхан элфүүд, эвэртэй сахиусан тэнгэрүүд, гүн рүүгээ тольдсон дүр төрх, байгалийн нэг хэсэг болж хувирсан хүмүүсийн ертөнцөд нэвтрээд орчих шиг мэдрэмж төрөв. Мэдээж үүн дээр зүүд болоод зөн совин нэмэгдэж бүтэн болно.
Уран бүтээлч нь тэр бүр хүмүүс холхиод байдаггүй аглагийн аглагт бясалган суугаа мэт санагдана. Үнэхээр түүний Зайсанд байх урланд хэн нэгэн зорьж очихоос бус тэр болгон орж, гараад байдаггүй аж. Зураач нь басхүү анир чимээгүй, олны хөлөөс зайдуу нөхцөлд даяанчилж бүтээлээ туурвих хүсэлтэй. “Авьяас бол эмзэглэл юм” гэж Д.Намдаг нэгэнтээ хэлжээ. Бидний яг одоо танилцах гэж буй уран бүтээлч ч мөн өөрийн гэсэн дотоод эмзэглэл, өвдөлтийг зүрх сэтгэлдээ тээж явдаг нэгэн.
“Эмзэглэл нь үгүй бол сайн уран бүтээл төрөхгүй байж мэдэх юм” гэсэнтэй нь би ч мөн санал нэгдэв. Тэр бол зураач О.Золбоотөгөлдөр.
“Өвдөлтийн цэцэгс” цуврал “Flowers of the Pain” 70х70
“Өвдөлтийн цэцэгс” цуврал “Flowers of the Pain” 70х70Уран бүтээлчийн эмзэглэл, бодит ахуйгаас дотор нь бүрэлдэж асан зүйлсийг уран зурагт буулгасан голлох бүтээлүүдийг нэн тэргүүнд онцлохоор шийдлээ. Түүний эл цуврал зургуудыг “Өвдөлтийн цэцэгс” гэнэ. Тиймдээ ч эл бичвэртээ “Өвдөлтийн жинхэнэ төрх” гэдэг нэр оноосон юм.
Эхний зурагт эмэгтэй хүний нүцгэн бие, хүйсний доохнуур хэвлий хэсэгт хагалгааны ангархай, том сорви байна. Харин үүнийг цэцэгсээр оёсон мэт үзэгдэнэ. Нөгөөтэйгүүр цэцэгс хавж ургасан байж ч болох юм. Ямар боловч өвдөлт нь тэр бүр үзэж зогсоо хүнд анзаарагдахааргүй далд, чимээгүй, зөвхөн уран бүтээлчийн л туулж гарсан зовиурыг илтгэнэ.
О.Золбоотөгөлдөр эдгээр цэцэгсийг амьдралын ахуйгаас ургуулжээ. Мэдээж түүний хувийн орон зайн талаар бийрлэх гэсэнгүй ч энэхүү цуврал хоёр зурагтай нягт холбогдох учир зайлшгүй дурдах шаардлага гарна. Цувралын нэгдүгээрх зураг магад түүний кесарево хагалгаагаар төрж, үрээ өлгийдөн авсан цаг хугацаатай холбогдоно. Энэ талаар зураач О.Золбоотөгөлдөр “Хүмүүс кесарево хагалгаагаар төрөхийг амархан бөгөөд эх хүн үрээ төрүүлэх жинхэнэ өвдөлтийг мэдэрч чаддаггүй хэмээдэг. Гэвч энэ бүхнээс урган гарах сэтгэл зүйн хямрал, төрсний дараах биеийн хэлэмж, сэтгэлдээ тээж ядах эмзэглэл, өвдөлт нь хүн бүрт харилцан адилгүй” хэмээж байлаа. Тэрхүү эмзэглэл, өвдөлтийг л зургийн цаана буй завсрын ногоон өнгөөр уялдуулсан байж болох талтай. Тэгээд ч хэвлийдээ бүрэлдүүлсэн үр нь урган төлжиж, хэрхэн хорвоод мэндэлснийг ногоон өнгөөр бэлгэдэж, харин өөрт төрсөн өвдөлтийг цэцгээр анагааж байгаа нь уран бүтээлчийн санаанаас л биежсэн сэтгэлгээний хэлбэршил юм.
Харин дараагийн зурагт элэг нэвт сүлбэн ургасан цэцэгсийг дүрсэлжээ. Ерөөс эд эрхтнийг цэцэгс нэвтлэн ургах энэхүү бэлгэдлийн дүрслэл хоёр талтай байж болно.
Нэгдүгээрт, уран бүтээлчийн биедээ тээсэн өвдөлт, сэтгэл санааны хямралыг илтгэн харуулна. Тэр нь мэдээж амьдрал дээр туулж гарсан, туучиж яваа сэтгэл гутрал, элгийг цэцэгс сүлбэн ургах шиг өвдөлт мэдрүүлэх тийм зүйл.
Хоёрдугаарт, мэдээж эсрэгцлийн үүднээс тунгааж үзвэл эдгэрэл болох талтай. Зураач эдгээр бүтээлийг туурвиснаар сэтгэлийн хувьд эдгэрэлийг олжээ. Үүнийг бүрэн дүүрэн тодорхойлж дөнгөхгүй. Харин зургаас төрж болох санаа, агуулгыг уудвалаас энэ цэгт тулж очих нь гарцаагүй юм.
Дээрх цуврал зургууд уран бүтээлчийн амьдрал, түүний дотоод мөн чанартай илүү холбогдоно. Түүнээс бус О.Золбоотөгөлдөрийн ихэнх бүтээлүүдэд ажиглагддаг зүүд, төсөөллийн шинжтэй концепц бүхий уран зургуудаас тэс ондоо гэдгийг онцлууштай.
“Үзэхүй” “The Viewing” 80x80Зураг дээрх тайрмал үстэй эмэгтэй магадгүй зураач өөрөө байж мэднэ. Цаана нь шаргалтсан тэнгэр, нар жаргах үеийн цаг хугацааг төлөөлүүлсэн болов уу гэж сэтгэгдэхээр байна. Дулаан шаргал өнгөөр тунарсан ухаа, гүвээ толгод, хэсэгхэн бөөрөнхий цагаан чулууд гээд л уужимхан амьсгал авмаар ертөнцийн нэгээхэн эд эс чимээ аниргүй дүнсийнэ.
Харин зургийн гол хавтгайд дүрслэгдсэн эмэгтэйн тархинаас хорвоо ертөнцөд болж буй үйл явдал, мэдээ мэдээллүүд, тархи ачааллаж буй цагт тэнд багтаах боломжтой элдэв бусын зүйлс чихцэлдэнэ. Бид даяаршин буй дэлхий ертөнцийн бүхий л мэдээ мэдээллийг ганцхан утсаар дамжуулан мэдэж авах боломжтой болсон. Тиймээс зургийн баруун өнцөгт утас, түүгээр дамжин тархинд ирэх мэдээллийг харуулжээ.
Бид аливаа бүхнийг сонсож, үзэхүй болгоноор өөрсдийгөө дүүргэж байна. Уг нь тархинд буй элдэв зүйлсийг зураг дээрх эмэгтэй шиг цацаж орхиод үзэхүй бүрийн хоосонд хүрч цаад талын амар амгалан байгаль руу алхчихаж болно.
Чөлөөлөгдөх хүсэл байвч, бидний бодол санаа юм бүхэнд чөдөрлөгдөн оршиж буйг уг зураг илтгэн харуулна. Дээр нь машин, цаг, загас зэрэг түмэн янзын бодит зураг ашиглан холимог техникийн аргаар концепц санаагаа урлан гаргасан нь зураачийн өөр нэгэн дуу хоолой юм.
“Навчны гуниг тээхэд” “Carrying the Sadness of leaves” 100x100Хамгийн түрүүнд би томоос том цэнхэр навчтай зураг олж харав. Яг л орос ардын үлгэрийн номд байдаг гүнж нарыг санагдуулам төрхтэй эмэгтэйн нүүрний тал нь зургийн хавтанд дүрслэгджээ. Гэхдээ баруун гар талын доод буланд нь... Үүнийг хараад Дорис Дёрригийн “Баруун дээд буландаа нартай зураг” өгүүллэг санаанд оров.
Өтгөн хүрэн өнгийн үсээ нямбайлан сүлжсэн энэ эмэгтэй бол зураачийн оюун санаанд ердийнхөөрөө л бууж буй дүр. Харин биеийг нь тойрон цагаан цэцэгтэй ургамлууд дүрслэгдсэн бөгөөд мөн чихнийх нь араар титэмлэн байна. Харин үснийх нь доогуур иш нь шургасан том цэнхэр навч эмэгтэйн цээжнээс л урган гарсан баймаар санагдана. Дулаан шаргал төрхтэй бүсгүйн дотор ийм том цэнхэр навч зүүгдэн байх аж. Зуны цэцэгс дундуур, шаргал нарны гэрэлд илбүүлэн алхаж явахдаа оюун бодолдоо цас зүүдэлж байх шиг...
Хальтхан харвал цасан ширхэгтэй андуурмаар тийм навчны сүнсийг өнөөх эмэгтэй тээж явна. Ишнээс ургасан судлууд нь тус тусдаа мод болон ургаж өөрсдийн оршихуйг тунхаглаж байна уу гэлтэй. Тиймдээ ч үй олон моддын сүнс өвлийн хүйтнээс зугтаж нэгэн том цэнхэр навч болоод эмэгтэйн дотор орчихсон байх шиг сэтгэгдлийг тус зураг биежүүлж өгөв. Зургийн ерөнхий дэвсгэрт цэнхэр будаг нэлд нь цацжээ. Үүнээсээ ургуулан навчны дүрийг зохиомжлон гаргасан байна. Бодитоор навч харж, түүнээсээ биежүүлж бүтээгүй учир цасан ширхэг, эсвэл зүүднээс л ургаж болох аварга том цэнхэр навч бий болсон хэрэг. Судлуудыг тодосгож өгөх сүүдэр мэт жижигхэн хар болоод гүн хөх өнгөнүүдээс навчны уйтгар мэдрэгдэнэ.
“Хөдөө арлын Мадонна” “Steppe Madonna” 100x8’’Зураачид өөрсдийн дүрсэлсэн Мона Лизатай байдаг хэмээх нь бий. Харин О.Золбоотөгөлдөр “Хөдөө арлын Мадонна”-г урлажээ. Түүний зургийнхаа сэдвийг олсон газар нь Хэнтий аймаг дахь Хэрлэнгийн Хөдөө арал. Тус газарт “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан түүхтэй.
Уг зурагт байгаль эх буюу монгол Мадоннаг энгэрээс нь нярай хүүхэд зуурсан байгаагаар буулгажээ. Тэдний ард газар, тэнгэрийн холбогч ногоон өнгийн билигт гөрөөсийг дүрсэлсэн нь бүхий л амьд ертөнцийн хоорондын уялдаа холбоог нарийвчлан тусгасан шиг болно. Мадоннагийн тэргүүнд хатадын өмсөж байсан бортого малгайн хэлбэрийг санагдуулам хар тогоруу зурсан байна. Мөнхүү ханцуйнаас нь хоёр гар зэрэг цухуйх бөгөөд нэг нь амьд бодгальтай тэмтрэлцэж, нөгөө нь гараг эрхэс, од сарыг ургуулна. Энэ бүхнийг тэтгэгч хүчний илэрхийлэл нь байгаль өөрөө гэх утгыг төлөөлөх буюу монголчууд бид уул, усандаа илүү ойрхон, нэгдмэл аж төрөхүйтэй гэх давтагдмал санааг илэрхийлнэ.
Ерөөс О.Золбоотөгөлдөрийн зургууд үйл явдал, дүрүүд олонтой.
Зургийн нэг талын доод булангаас нөгөө талын дээд буланд хүртэл өөрийн хүссэн замаар үзэгчид аялаж болдог. Магадгүй дээрх зургийн аль нэг цэгт үзэгч хараагаа тогтоосон бол үүнээс ургуулан цааш аялах байдлаар зургийг уншиж болно гэсэн үг.
Буй юмсын бодит дүр төрхийг яг байгаа хэвээр нь цааснаа буулгах, эс бөгөөс уран бүтээлч өөрийн оюун санаандаа хүлээж авсан мэдрэмжийг төсөөллийн баялаг орон зайд биежүүлэх хоёр эрс тэрс ялгаатай. Магадгүй бүтээгчийн эмзэглэл, төсөөлөл, өвдөлтийн углуурга дахь хослолоос төрсөн уран бүтээл дахин давтагдашгүй чанарыг өөртөө өвлөдөг байж мэдэх юм.