
2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл аймагт гарчээ.
Дуудлага, мэдээллийн дагуу суурьшлын бүсэд, айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаасан байна. Мөн зургаан дуудлагын дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн нийт дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй байна.

Иргэд баавгайтай тааралдсан тохиолдолд ойртох, өдөх, зураг авах зорилгоор дагахгүй байх, аюулгүй зай барьж, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхаарууллаа.