ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрхэн төрийн эрхэнд гарсан үйл явдлыг харуулах “Кремлийн шидтэн” кино Венецийн кино наадмаар нээлтээ хийж үзэгчдэд хүрчээ.
Тус бүтээлийг Францын найруулагч Оливье Ассая бүтээжээ. Тэрээр улс төр, хүн хоорондын сэтгэхүйн нарийн харилцааг тун өвөрмөц задлан харуулж чаддаг гэдгээрээ олон улсад танигдсан бөгөөд кино шүүмжүүд мөн алдартай нэгэн юм.
Харин “Кремлийн шидтэн” киноны Владимир Путины дүрийг алдарт жүжигчин Жуд Лоу бүтээжээ. Гэвч түүнийг 2023 оны “Firebrand” кинонд Хенри VIII хааныг дүрслэхдээ уур хилэнтэй, сүрдүүлсэн төрхөөс өөр зүйл гаргаагүй хэмээн үзэгчид шүүмжилж байв. Тиймдээ ч энэ удаад дахин тийм дүр төрх дэлгэцээс харахыг үл хүссэн үзэгчид жүжигчний сонголтод эргэлзэж байлаа.
Лоугийн бүтээсэн Путин эсрэгээрээ англи хэлээр ярьдаг, тайван, дөлгөөн хүний дүрээр дэлгэцэд гарах бөгөөд яг ч гол дүр биш юм. Харин ЗХУ задарсны дараахан “Путины Орос” хэрхэн бий болсон талаар эл кинонд харуулжээ.
Энэхүү бүтээл нь Жулиано да Эмполигийн 2022 онд бестселлер болсон ижил нэрт романаас сэдэвлэсэн агаад Вадим Баранов гэх дүрийн эргэн тойронд өрнөдөг. Уг дүрийг улс төр, нийгмийн зүтгэлтэн Владислав Сурковаас сэдэвлэн бүтээжээ. Тэрээр олон жил Путинд зөвлөхөөр ажилласан юм.
Шүүмжлэгчид тус киног эрх мэдлийн сэнтийн ардах нууцлаг стратегичийн түүхийг харуулсан Хилари Мантелийн “Wolf Hall” романтай зүйрлэхүйц бүтээл хэмээн онцолжээ.
-660x0.png)


Кинонд Баранов АНУ-ын судлаачидтай ярилцахдаа 1990-ээд оны эхэн үеийн Москвагийн уур амьсгалыг дурсдаг. Коммунизм нуран унаж, залуус эрх чөлөөг олсон мэт хөөрцгөөж байсан тухайн үед Баранов жүжигчин болох мөрөөдлөө орхин телевизийн салбарт орж, олон нийтийн сэтгэлзүйг хөтлөх шинэ арга замыг хайж эхэлдэг.
Тэрээр бизнесийн олигарх Борис Березовскийн сонгуулийн багт ажиллана. Баранов улс төрийн тоглоомд дүр төрх, мэдээллийн нөлөө бодит байдлаас ч илүү чухал болохыг сайн ойлгодог нэгэн.
Березовский Ельциний эрин төгсөж буйг мэдэрч, шинэ удирдагчаар ард түмэнд хатуу бөгөөд шулуухан харагдах нэгнийг хайдаг. Түүний сонголт бол тухайн үед цэргийн байгууллагаас тодорч асан Владимир Путин байв.
Мэдээж “Кремлийн шидтэн” кино нь түүхэн баримтад бүрэн нийцэхгүй ч эрх мэдэл хэрхэн бүтээгддэгийг сонирхолтойгоор харуулсан бүтээл юм. Оросын орчин үеийн түүхийн тухайд бодит ба уран сайхныг хослуулсан эл кино үзэгчдэд “Путины Орос хэрхэн мэндэлсэн бэ?” гэсэн асуултад өөр өнцгөөс хариулахыг оролдсон байна.