
Долоон жилийн өмнө бараг 270 хүний аминд хүрсэн Улаан өндөгний баярын үеэрх амиа золиослогчийн халдлагуудтай холбоотойгоор Шри Ланка улс тагнуулын албаны хуучин даргаа баривчилжээ.
Тэтгэвэрт гарсан хошууч генерал Суреш Саллейг Коломбо хотын захын дүүргээс баривчилсан бөгөөд түүнийг уг халдлагад тусалж, дэмжсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар цагдаагаас мэдэгдэв.
2019 оны дөрөвдүгээр сарын 21-нд нэгэн зэрэг болсон зургаан халдлага нь Шри Ланка даяар айдас хуруулж, 26 жил үргэлжилсэн иргэний дайны үеийн амиа золиослогч ийн халдлага, аллага, бослогын гашуун дурсамжийг сэргээсэн юм. Тухайн дайны зорилго нь үндэсний цөөнх Тамилчуудын тусгаар улс байгуулах явдал байв.
Халдлага болсноос хоёр хоногийн дараа “Исламын улс” бүлэглэл хариуцлага хүлээж байгаагаа зарлаж, найман этгээд, тэдний дотор чинээлэг ах дүү хоёр, тухайн үеийн удирдагч Абу Бакр аль-Багдадид үнэнчээ тангараглаж буй бичлэгийг нийтэлсэн. Үүнээс өмнө “Исламын улс” Шри Ланкад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй юм.
Ахлах орлогч цагдаагийн ерөнхий байцаагч Сажива Медаватте тусгай хэвлэлийн бага хурал дээр Саллейг Улаан өндөгний баярын халдлагатай холбоотой илэрсэн нотлох баримтад үндэслэн баривчилсан гэж мэдэгдэв.
Цагдаагийн төлөөлөгч Фредрик Вутлерийн хэлснээр, Эрүүгийн мөрдөн байцаах газар Саллей халдлагатай холбоотой “холбоо сүлбээ эсвэл алдаа дутагдал” гаргасан эсэхийг шалгаж байна. Халдлагын үед Саллей армийн бригадын генерал цолтой байсан бөгөөд Малайзад дипломат алба хашиж байжээ. Тэрээр 2019 оны сүүлээр Готабая Ражапакса ерөнхийлөгч болсны дараа Улсынхаа тагнуулын албаны даргаар томилогдсон. Түүний баривчилгаа халдлагын долоон жилийн ойн өмнөхөн болжээ.
2019 оны Улаан өндөгний баярын халдлагын 6 жилийн ойгоор хүүхдүүд амь үрэгдэгсдийн зургуудыг барин Катувапития дахь Гэгээн Себастианы сүмийн дотор хүндэтгэл үзүүлж байна (AFP / Getty Images)Халдлагын дараа халдагчид Шри Ланкийн тагнуулын байгууллагатай холбоотой байсан байж болзошгүй гэх хардлага гарч, Саллей анхаарлын төвд орсон.
2023 онд Channel 4 телевиз Саллейг халдлагад холбоотой байж болзошгүй талаар мэдээлсэн. Британийн телевизэд ярилцлага өгсөн Азад Маулана гэх хүн Саллейг “Товхид Жамаат” нэртэй, “Исламын улс”-аас санаа авсан орон нутгийн бүлэгтэй уулзуулсан гэж мэдэгдсэн. Тэр уулзалтаар улс орныг тогтворгүй болгох замаар тухайн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Ражапаксад давуу байдал бий болгох төлөвлөгөө ярилцсан байж магадгүй гэж мэдээлжээ.
Маулана нь өмнө нь Тамилын Барс бүлгийн салбарласан жигүүрийн төлөөлөгч байсан бөгөөд хожим нь засгийн газартай хамтран ажиллаж, босогчдыг ялахад тусалсан зэвсэгт бүлэглэлд оролцож байв.
Бөмбөгдөлтийн үеийн хяналтын камерын бичлэгийг нийтэлсний дараа Маулана халдагчдын царайг таньсан бөгөөд тэднийг Саллейтэй уулзуулсан хүмүүс мөн гэж мэдэгдсэн.
Шри Ланкийн Батлан хамгаалах яам халдлагад төрийн байгууллагын оролцоо байсан гэх мэдэгдлийг няцаасан байна.