
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн (April Fools’ Day) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Сүүлийн жилүүдэд худал дуудлага болон цахим орчин дахь тэсрэх бөмбөгийн заналхийлэл эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор анхааралтай ажиглалт хийх болжээ. Учир нь дэлхий нийтээр энэ өдөр бусдыг хуурч тоглох байдлаар тэмдэглэх нь элбэг байдаг.
Харамсалтай нь тэсрэх бөмбөг байршуулсан зэрэг гэмт хэргийн төрлийн заналхийлэл, худал мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сард олон нийтийг айлган сүрдүүлэхтэй холбоотой хууль батлагдсан бөгөөд тодорхойгүй эсвэл олон хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял эсвэл 20 сая вонын торгууль ногдуулах боломжтой болсон байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Үндэсний Цагдаагийн албанаас гаргасан мэдээллээр 2022–2024 оны хооронд худал дуудлагад хариу өгсөн цагдаагийн ажиллагаа 4235-аас 5432 болж, 28.3 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд их дэлгүүр, оффис, олны танил хүмүүсийн орон сууц, метроны ариун цэврийн өрөө, сургууль, нисэх онгоц зэрэг олон газрыг онилсон нийт 177 удаагийн тэсрэх бөмбөгийн заналхийлэл бүртгэгджээ. Эдгээр заналхийлэл нь бодит зардал дагуулж, цагдаагийн их хэмжээний нөөцийг дайчлахад хүргэдэг байна.
Өнгөрсөн наймдугаар сард Шинсагэ Худалдааны сүлжээний төв салбарт ирсэн худал заналхийллийн улмаас 4000 орчим үйлчлүүлэгчийг нүүлгэн шилжүүлж, тусгай ажиллагааны анги оролцсон 242 алба хаагч барилгыг шалгасан байна.
Мөн 2024 онд MLB Seoul Series нээлтийн тоглолтын өмнө Los Angeles Dodgers болон San Diego Padres багуудын тоглогчдыг онилсон тэсрэх бөмбөгийн заналхийлэл бүхий имэйл ирсэн бөгөөд үүний дараа 350 алба хаагч оролцсон шалгалт явуулжээ. Уг заналхийлэлд Dodgers багийн од тоглогч Шохей Оотанигийн нэр дурдагдсан байна.
Ийм төрлийн зардал хоёрдугаар сард онцгой анхаарал татсан бөгөөд цагдаа нар олон удаагийн худал заналхийлэл хийсэн ахлах ангийн сурагчдад 75.44 сая воны хохирлын нэхэмжлэл гаргасан нь уг хууль хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн өндөр дүн болжээ.
Энэхүү нэхэмжлэлд сургууль, галт тэрэгний буудалд очиж шалгалт хийсэнтэй холбоотой хөдөлмөр, шатахуун, тоног төхөөрөмжийн зардлыг багтаасан байна.
Эрх баригчид ийм зардлыг цаашид хариуцлагагүйгээр үүрэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сард Сөүл хотын цагдаагийн газрын дарга Пак Жён-бо ийм төрлийн хэрэг бүрд хохирол тооцож, баривчилсны дараа эрүүгийн болон иргэний нэхэмжлэл зэрэгцүүлэн гаргана гэж мэдэгджээ.
Тэрээр “Ийм мэдээлэл ирэхэд иргэд айдаст автдаг, мөн цагдаагийн нөөц үр ашиггүй зарцуулагддаг” гэдгийг онцолж, нэг хэрэгт ногдох хохирол 1.5 сая воноос хэдэн арван сая вон хүртэл хэлбэлздэг" гэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр худал дуудлага өдөрт дунджаар 14 бүртгэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр онцгой өсөлт ажиглагдаагүй байна. Мөн хиймэл оюунаар бүтээсэн осол, гамшиг, гал түймрийн хуурамч дүрс бичлэгүүдийг ч хяналтдаа авах аж.