
Европын холбоо өнгөрсөн жилийн худалдааны хэлэлцээрийг мөрдөөгүй гэж АНУ үзэж буй. Тиймээс ЕХ-ны автомашины салбарт 25 хувийн тариф ногдуулахаар бэлтгэж байгаа нь Вашингтон болон Брюсселийн хооронд өнгөрсөн наймдугаар сард байгуулсан хэлэлцээрийг өөрчлөх алхам болж байна.
АНУ өнгөрсөн жил автомашины импортод 25 хувийн тариф тогтоосон ч наймдугаар сард ЕХ-той тохиролцож 15 хувь болгон бууруулсан. Харин одоо ЕХ хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэн тарифыг дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Дональд Трамп ЕХ хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгдсэн ч Европын тал үүнийг няцаажээ. Мөн Европын зарим орнууд Ормузын хоолойг нээхэд АНУ-ын тэнгисийн цэрэгт дэмжлэг үзүүлэхээс татгалзсан нь маргааныг хурцатгасан байна.
Автомашины татвар хэрэгжиж эхэлбэл Германы автомашин үйлдвэрлэгчид хамгийн их цохилт амсах төлөвтэй. Учир нь BMW, Mercedes-Benz, Volkswagen үйлдвэрүүд АНУ-д томоохон зах зээл болон үйлдвэрлэлийн баазтай юм.
Европын автомашины экспортын 29 хувь нь АНУ руу чиглэдэг.
Тариф нь ялангуяа өндөр үнэтэй автомашинуудад илүү нөлөөлнө. Учир нь дунд сегментийн машинуудыг ихэвчлэн АНУ-д үйлдвэрлэдэг бол тансаг ангиллын машиныг Европоос бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр импортлодог юм.
Тухайлбал, Porsche, Audi зэрэг брэндүүд АНУ-д үйлдвэргүй тул хамгийн их өртөх магадлалтай. Мөн Ferrari, Lamborghini зэрэг хэт тансаг брэндүүд бүх үйлдвэрлэлээ Итали улсад явуулдаг тул тарифын нөлөө бүр ч өндөр байх аж.
Stellantis зэрэг компаниудын хувьд АНУ болон Европт үйлдвэртэй тул тодорхой хэмжээгээр эрсдэл хуваагдсан ч сэлбэг нийлүүлэлтийн сүлжээ доголдох шинж илэрч байна.
Зарим үйлдвэрлэгчид АНУ-аас нийлүүлдэг эд ангийн захиалгаа бууруулж эхэлсэн нь үйлдвэрлэл удаашрахад хүргэжээ.
АНУ-ын өрхүүдэд тарифын бодлого аль хэдийн дарамт учруулж байгаа бөгөөд Tax Foundation-ийн тооцоогоор дунджаар нэг өрхөд 1000 ам.долларын нэмэлт зардал үүсгэсэн байна.
Гэхдээ энэ удаагийн тариф голчлон өндөр орлоготой худалдан авагчдад чиглэж байгаа тул нөлөө харьцангуй хязгаарлагдмал байх төлөвтэй гэнэ. Компаниуд тарифын зардлыг хэрэглэгчдэд шууд дамжуулах хандлагатай байна.
Судалгаагаар америкчуудын 72 хувь нь тариф амьдралд нь сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа бол 63 хувь нь тарифын бодлогын хэрэгжилтэд итгэлгүй байна.