
Монголын Үндэсний музей XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан "Өнө мөнхийн молор эрдэнэ" тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, МУСГЗ С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг үзэгчдэд цогцоор нь харуулах юм.
Мөн монголчуудын уламжлалт амьдрал, төрт ёс, шашин шүтлэг, ахуй соёлд морь ямар байр суурь эзэлж ирснийг, мөн адуутай холбогдох шүтлэгийн утга агуулгыг эдийн болон оюуны соёлын үзмэр, эд өлгийн зүйлсээр дамжуулан тайлбарлан таниулахад чиглэжээ. Монгол хүний ухамсарт морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Төрийн долоон эрдэнийн нэг нь морин эрдэнэ хэмээн дээдэлж молор эрдэнийн хүлэг морьд хэмээн бэлгэддэг эртний уламжлалтай.
Үзэсгэлэнд адууны соёлд холбогдох бурхан шүтээн, шашны эд хэрэглэл, монгол зураг, баримал зэрэг урлагийн ховор нандин бүтээлүүд, адуу малын тоног хэрэгсэл сэлтийг дэглэн толилуулахын зэрэгцээ морь, шүтээн, бэлгэдлийн уялдаа холбоог сэдэвчилсэн, цогц байдлаар хүргэхийг зорьж буйгаараа онцлог юм.

Мөн уг тусгай үзэсгэлэнд нэрт хүлэгч С.Ононмөрийн мэндэлсний 160 жилийн ойд зориулан урьд өмнө төдийлөн дэлгэгдэж байгаагүй ховор эд өлгийг багтааж, монгол уяачийн өв, морь шинжих ухаан, хүлэгтэй холбогдох уламжлалт мэдлэг, өв соёлыг тусгайлан танилцуулж байна.
“Өнө мөнхийн молор эрдэнэ” үзэсгэлэн нь үзэгчдэд монголчуудын морин соёлын гүн утга, шүтлэгийн уламжлал, бэлгэдлийн сэтгэлгээг нэгэн дор цогцоор нь мэдрэх боломжийг олгох бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл, хүүхэд багачууд, судлаачид, гадаад дотоодын жуулчдад зориулсан соёлын ач холбогдол бүхий тусгай үзэсгэлэн юм.
Үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-ээс эхлэн ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.