
Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалтаар хичээллэж буй охидын тоо нэмэгдсээр байна.
Япон улсад амьдарч буй Г.Марал-Эрдэнэ анхлан оюутны Универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцож, монгол охидын мөрөөдлийг эхлүүлсэн түүхтэй. Түүний араас О.Мишээл гарч ирлээ. Тэрээр 2025 онд Италид болсон оюутны Универсиад болон БНХАУ-ын Харбинд болсон Азийн өвлийн спортын IX наадамд амжилттай оролцсон билээ. Энэ жил 19 настай О.Мишээл Канадын их сургуульд (York University) суралцаж байна. Мөн “Toronto Cricket Skating & Curling Club”-т хичээллэж эхэлжээ. О.Мишээлийн үндсэн дасгалжуулагчаар Карен Престон ажиллаж байгаа аж. Ингээд О.Мишээлтэй ярилцсанаа хүргэе.
Яагаад уран гулгалтыг сонгох болсон бэ. Эндээс яриагаа эхлэх үү?
Би бага насаа Америкт өнгөрүүлсэн. Анх найман настай байхдаа гулгаж эхэлсэн. Тэр үе бол 2014 оны аравдугаар сар. Ингэж уран гулгалтын талбайд анх гарч байлаа. Тухайн үед манайхан ч зөвшөөрсөн. Ээж маань багштай ярилцаад бид долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийхээр тохирч байсан.
Анхны тэмцээндээ хэрхэн оролцож байсан бэ?
Би есөн настайдаа тэмцээнд оролцсон. Бидний суудаг хотын ойролцоо өсвөрийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд багийнхантайгаа хамт оролцож байсан. Анхны тэмцээндээ долоодугаар байр эзлээд маш их урам авсан. Улам сонирхолтой болдог юм билээ. Аав, ээж маш сайн дэмжсэн. Ингээд миний бэлтгэл хийх хугацаа урт болж эхэлсэн. Мөн жил бүр шоу тоглолтод оролцох гээд завгүй байдаг байлаа.
2020 онд Монголдоо ирсэн шүү дээ. Анх ирэхэд хэцүү байсан гэж сонслоо. Бэлтгэлээ таслахгүйг зорьсон байх?
Аав, ээж маань Монголдоо амьдрах шийдвэрийг гаргасан. Мөн намайг Орос багштай болгох зорилготой байсан. Бид гэр бүлээрээ 2020 онд коронавирус дэгдэх үеэр ирж байлаа. Энэ бол гэр бүлийн минь шийдвэр байсан. Монголд ирсэн эхний нэг жил хэцүү өнгөрсөн. Бараг гэрээсээ гараагүй. Мөсөн талбайгаас холдсон учир бүх зүйл зогссон юм шиг санагдаж байлаа. Гэр бүлийнхэн маань ОХУаас багш авах сонирхолтой байсан. Тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас асуудал гарсан. Монголдоо ирээд хамгийн их хайсан зүйл бол уран гулгалтын багш. Мэдээж манайд багш байхгүй ч гэсэн аль болох мөсөн дээр гулгахыг л хүсэж байлаа. Ковидын үе таарсан болохоор Хандгайт орж гулгах гээд ер нь аль болох байгаа боломжоо ашиглахыг хичээсэн. “Монголын тэшүүрийн холбоо”-ноос байнга тусалж, дэмжинэ. Тэгээд Японд очиж шинэ багшийн удирдлага дор хичээллэсэн. Гэхдээ бас асуудал дундраагүй дээ.
Яагаад?
Би багаасаа Америкт өссөн. Манай хот жижиг ч гэсэн би уран гулгалтыг тэнд л сурсан. Бас америк багшийн арга барил нэг өөр, япон багшийнх бүр ондоо. Тэгээд эндээс маш их ялгаа гардаг юм билээ. Мөн хэлний бэрхшээл нөлөөлсөн. Ээжтэйгээ хамт Японд нэг сар бэлтгэлд хамрагдаж байсан. Тэгээд буцаж Монголдоо ирсэн.

Канадын их сургуулийг хэрхэн сонгосон бэ?
Би ерөнхий боловсролын сургуулийн боловсролын хөтөлбөрөө Америк сургуультайгаа холбогдож цахимаар авсан. Тэгээд их сургуульд орох, цаашлаад уран гулгалтаар хичээллэж болох сургууль хайсан. Гэр бүлийнхэн маань ч шантрах үе байсан байх. Мэдээж маш их зардал гарна. Аль болох уран гулгалтаараа үргэлжлүүлж хичээллэх сонирхолтой байсан болохоор АНУ, Канадын их сургуульд хүсэлтээ явуулсан. Оюутны Универсиад, Азийн наадамд оролцсон учраас дахин өөрийгөө сорьмоор санагдсан. Тэгээд Канадад их сургуульд суралцахаар боллоо. “Toronto Cricket Skating & Curling Club”-т харьяалагддаг. 2025 оны зургаадугаар сараас эхлэн суралцаж эхэлсэн. Манай клубт маш олон алдартай тамирчин байдаг. Тэдний нэг бол Жэйсон Браун. Би энэ клубт суралцаж эхлээд маш их зүйлийг сурч байгаа. Мэдээж ур чадвараа сайжруулсны дараа тэмцээнд оролцоно. Одоо бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж байгаа.
2025 оныг маш үр дүнтэй өнгөрүүлжээ. Бас шинэ амжилтууд бичиж чадлаа. Италид болсон оюутны Универсиад наадамд оролцсон. Мөн Азийн наадам гэсэн том тэмцээнд үзүүлбэрээ үзүүлж чадлаа шүү дээ...
Тийм ээ, өнгөрсөн онд үнэхээр завгүй байсан. 2025 онд Италид болсон дэлхийн оюутны Универсиад наадам мартагдашгүй тэмцээний нэг болж үлдсэн. Энэ тэмцээнээс их олон зүйлийг мэдэж авсан. Мэдээж хариуцлага улам нэмэгддэг юм билээ. Улам л өөрийгөө дайчлах болсон. Дараа нь БНХАУ-ын Харбин хотод болсон Азийн өвлийн спортын наадамд оролцлоо. “Монголын тэшүүрийн холбоо”-ноос анх удаа хоёр уран гулгагч оролцсон нь сайхан санагдсан. Маралаа эгчтэй хамт ийнхүү нэг тэмцээнд оролцсон доо. 2025 онд үнэхээр том амжилтыг эхлүүлж чадсандаа баяртай байгаа. Мөн “Дэлхийн одод Монголд” шоунд үзүүлбэрээ үзүүлсэн гээд ярих юм ихтэй болсон байна. Энэ шоунд би анх 2022 онд ОХУ-ын алдарт уран гулгагч Камила Валиеваг ирэхэд орж байсан. Тухайн үед бол маш их түгшиж сандарсан. Мэдээж дэлхийн топ уран гулгагчтай хамт нэг шоунд оролцоход сайхан санагдсаны хажуугаар сандрал арилахгүй байж билээ. Харин 2025 онд олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведевагийн шоунд оролцож үзсэн. Дэлхийн алдартай тамирчдаас сурах зүйл их байлаа. Сүүлийн шоу тоглолтод оролцоход арай өөр болсон байсан. Сандрах нь бага гэхүү дээ. Бас Азийн наадам гээд том тэмцээнд орчихсон учраас сандрал гайгүй байсан болов уу.
Энэ онд ямар тэмцээн, уралдаанд орох төлөвлөгөөтэй байгаа вэ?
Одоо ангилал маань өөр болсон. Мэдээж ур чадвараа сайжруулахаас эхлээд шинэчлэх зүйл маш их бий. Энэ онд Олон улсын тэшүүрийн холбооноос зарладаг тэмцээнд оролцох бодолтой байгаа. Мэдээж олон улсын тэмцээнд оролцохын тулд том шалгуурыг давах учиртай. Цаашид сурах зүйл их байна.
