
Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах, 3 жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг 7.95 хувийн хүүтэй гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас томоохон хэмжээний эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ.
Бондын андеррайтераар JPMorgan, Deutsche Bank, KGI Asia зэрэг олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнууд ажилласан бөгөөд ийнхүү Голомт банкнаас гаргасан хоёр бонд Нью‑Йоркийн хуулиар зохицуулагдах Rule 144A форматын өндөр шалгууруудыг бүрэн ханган олон нийтэд нээлттэй арилжаалагдаж байна. Арилжаанд АНУ, Европ, Ази, Номхон далай болон Ойрх Дорнодын бүс нутгийн нэр хүндтэй 150 институтийн сан их хэмжээний захиалга өгч, мөн дэлхийн шилдэг, томоохон хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцлоо. Эдгээр институт, хөрөнгө оруулагчид нь бодит үнэ цэнд суурилсан, урт хугацааны, тогтвортой өгөөжийг бий болгох хөрөнгө оруулалтад чиглэн хөрөнгөө байршуулах стратеги баримталдгаараа онцлогтой.
Ийнхүү бондын нийт захиалга 2.1 тэрбум ам.долларт хүрч, анх төлөвлөсөн хэмжээнээсээ 7 дахин давж биелсэн нь олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд өндөр итгэл үзүүлж буйн тод илрэл юм. Түүнчлэн олон улсын геополитикийн хурцадмал, зах зээлийн нөхцөл байдал эрс тэрс байгаа энэ цаг үед Голомт банк зах зээл дэх хамгийн хямд өртөгтэй бондын бүтцийг мэргэжлийн өндөр түвшинд оновчтой тодорхойлж, арилжааг амжилттай хэрэгжүүлж чадсан нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарын түүхэнд томоор бичигдэхүйц, онцлох үйл явдал боллоо. Бондын томоохон амжилтуудаас дурдвал:
Дээрх амжилтууд нь Голомт банкны эрсдэлийн сахилга баттай бодлого, хүчирхэг тогтвортой санхүүгийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулагчидтай итгэлцэлд суурилсан, ил тод харилцаа болоод олон улсын зах зээл дэх банкны үнэ цэн тогтвортойгоор өссөнийг илтгэж байгаа юм. Олон улсын хөрөнгө оруулалтын банкнуудын зүгээс “Голомт банкнаас гаргасан энэхүү бонд нь Монгол Улсын хувийн хэвшлийн санхүүгийн салбарт түүхэн амжилт болж, цаашид шинээр гарах бондуудад эерэг, сайн жишиг тогтоож байна” хэмээн онцолсон юм.