Наймдугаар сар талдаа орж налайсан намрын өдрүүд айсуй. Улаанбаатарт хот болон орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийслэлд болон орон нутагт хангаж, албаныхан шат шатны арга хэмжээг аваад эхэлжээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.
Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарцын зураглалаас харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулсан. Мөн байгалийн ногоон өвс, тэжээлийг хадаж, экспортлох асуудлыг зогсоохоор болжээ. Ингэснээр дотооддоо өвс, тэжээл бэлдэх шаардлагатай байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Хадлан бэлдэх боломжтой Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын газар нутгийг хамгаалж, нөхөн сэргээх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж, нөөц бэлдэх ажлыг эхлүүлжээ.
Тариалангийн бүсэд хуурайшилттай байсан учраас ургацын гарц сайнгүй гарчээ. Энэ жил 100 орчим тонн үрийн болон хүнсний зориулалтын улаанбуудай бүрдүүлэх шаардлагатай байгаа. Хэдийгээр тариалалт муу байгаа ч иргэдийг шинэ хүнсний ногоогоор хангах, эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог нийслэлийн иргэдэд хүргэж эхлэв. Улаанбаатарын хотын ажлын албаас өчигдрөөс эхлэн “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа дүүрэг бүрт гарч эхэллээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 1, 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 6, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 2, 4 дүгээр хороо гэсэн нийт долоон байршилд худалдаа гарч байна. Энэ жил нийслэлийн 21 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдааг ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хийхээр болсон байна.