
“Холын цагаан манан” киноны гүйцэтгэх продюсер, Монгол Улсын гавьяат эмч, Г.Оюунжаргалтай ярилцлаа. Тэрбээр, 1990 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн бөгөөд мэс заслын эмч мэргэжилтэй. Өдгөө 36 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.
Г.Оюунжаргал Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэг зүйлийг анзаарсан нь эмнэлгийн ажилчид болоод иргэд хоорондын харилцаа, хандлагын асуудал байжээ. Иргэншлийн нийгэмд хүн гэх ухамсарт бодгаль ганцаар орших боломжгүй. Алив нэг зүйлээс хамааралтай, мөн өдөр тутамдаа өөр бусад хүмүүстэй харилцаж байдаг. Гол нь эмнэлгийн салбарт үүссэн бодит нөхцөл байдал, харилцаа хандлагын асуудлыг хэрхэн хөндөж, хүмүүст бодит үнэнийг харуулах вэ гэдэг асуулт түүнд тулгарсан байна. Ийнхүү кино урлагаар дамжуулан үзэл санаагаа түгээхээр зориглосон нь “Холын цагаан манан” бүтээлийг дэлгэцэд амилуулах үүдэл шалтгаан болжээ.
- Шуудхан асуухад өдгөө эрүүл мэндийн салбарт хамгийн их тохиолддог бэрхшээл юу вэ?
- Би өдгөөгөөс таван жилийн өмнө Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын ажлыг хүлээж авсан. Ажлаа хийхэд нэг бэрхшээлтэй асуудал байсан нь иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарч чадаагүй, зөвлөмжийг дагаагүй, зөв хооллолт, хөдөлгөөний дэглэм сахиагүй зэргээс үүдсэн алдаагаа огт ухамсарладаггүй. Эмч рүү, эмнэлэг рүү буруугаа чихдэг. Өвдсөн шалтгаанаа ч тэр эрүүл мэндийн салбараас хайдаг. Ингээд ирэхээр эмнэлгийн ажилтан, иргэд хоёрын хооронд харилцаа, хандлагын асуудал үүсдэг. Гэхдээ үүнийг зүгээр л ажиглаж хараад дүгнэчихсэн юм биш л дээ. Иргэдээс эмнэлэгт хүргүүлсэн гомдол, саналыг эрэмбэлээд үзэхэд ихэнх нь эмч, үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцааны асуудал дээр гаргасан зөрчлүүд байсан. Шүүж үзээд үнэхээр ажилтан алдаа гаргасан бол хариуцлага тооцож өвчтөнөөс уучлал гуйна. Харин дийлэнх нь өвчтөний буруугаас үүдсэн тохиолдол ч ажиглагдсан. Тиймээс эл бэрхшээлийг арилгах, мөн хүмүүст эмчийн ажил, мэргэжлийг ойлгуулахын тулд юу хийх вэ гэж их бодсон л доо.
- Тэгээд кино хийхээр шийдсэн хэрэг үү?
- Тийм ээ. Хүн хоорондын харилцаа гэдэг их төвөгтэй зүйл. Бүгд мэдэх байлгүй дээ. Ямартаа ч хэн хэнийхээ ажил, мэргэжил, тулгарсан асуудлыг хүндэтгэвэл илүү сайжрах байх гэж бодсон. Эмчийн ажил мэргэжлийн талаар бусдад ойлгуулахын тулд урлагаар дамжуулах ёстой юм байна гэж сэрсэн хэрэг. Эмч нарын мэргэжлийн онцлог, ур чадварын талаар зурагтаар хэчнээн яриад хэн ч ойлгохгүй. Мөн өөрсдийгөө өмөөрсөн л хэрэг болно. Нөгөө талаас өөрсдөө хүний амь нас, эрүүлийн төлөө тангараг өргөж, уг мэргэжлийг сонгосон хүмүүс гомдоллоод байж болохгүй. Ийм учраас урлагаар дамжуулж, тэр дундаа бодит байдлыг кино болгож хүнд хүргэе гэж удирдлагын багийнхантайгаа ярилцсан. Урлаг дотроос хамгийн хүртээмжтэй нь кино урлаг болов уу гэж боддог. Хүн кино үзээд уйлдаг, баярладаг, зүрх, тархинд нь хүртээмжтэй, хурдан нөлөөлж чадна. Ингээд багийнхан маань ч миний саналыг дэмжиж кино хийхээр болсон.
- Аливаа нэг бүтээлээр тухайн салбарын асуудлыг хөндөхөд маш их судалгаа шаарддаг байх, тийм үү?
- Тэгэлгүй яахав. Тийм ч учраас найруулагч, кино багийнхан маань миний саналыг зөвшөөрсөн. Би ч анх удаа кино багийнхантай ажиллаж, энэ урлаг хэрхэн бүтэж, ямар их хөдөлмөрөөр бий болдог болохыг мэдэж авсан. Анх кино хийх саналаа хэнд хэлж, санасан сэдсэнээ яаж гүйцэлдүүлэхээ мэдэхгүй байсан л даа. Тэгтэл тус киноны маань найруулагч Н.Даваадорж манай аймагт жүжгээ толилуулах гэж яваад бид уулзалдсан юм. Саналаа хэлтэл тун сайхан хүлээж авсан. Удалгүй кино зохиолоо бичиж цахимаар илгээсэн. Би ч мөн дахин саналаа хэлж, нэлээд зөвлөлдсөн. Найруулагч хөдөө орон нутгийн эмнэлгийн бодит байдалтай танилцаж, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн удаа судалгаа хийсэн.
- “Холын цагаан манан” кинонд хүн хоорондын харилцааны асуудлыг хэрхэн, яаж хөндсөн бэ. Ерөөс кино бүтээх болсон үүдэл санаа эндээс л эхтэй юу?
- Эрүүл мэндийн салбарт гардаг хүндрэл, бэрхшээл, сорилтууд нь хүн хоорондын харилцаа, хандлагаас үүдсэн байдаг. Тэгэхээр үүдэл санаа үүнээс л эхтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шийдэх, төсөв бүрдүүлэх, иргэдэд сайн үйлчилгээ үзүүлэх гээд аливаа бүхэн ерөөс харилцаан дээр тулгуурлаж явна. Бид уг кино дээр үүнийг гурван янзаар илэрхийлсэн байгаа. Нэгдүгээр иргэд эмч, ажилтнуудтай харилцах нөхцөл байдлыг харуулсан. Хоёрдугаарт эмнэлгийн салбарт ажилладаг хүмүүсийн ар гэрийнхэн, аж төрөхүйн талаар хөндсөн. Ажил дээр үүссэн бухимдал, эмзэглэл, асуудал нь өөрөө ар гэрийнхэнд ч нөлөөлдөг. Учир нь тэд нэг гэр бүл шүү дээ. Мөнхүү бусад төрийн үйлчилгээний салбаруудад тохиолддог шиг эмч хүн ар гэртээ анхаарал тавьж чадаагүйгээс үүдээд гэр бүлийн хоородын харилцаа ч мөн таагүй болох нь бий. Гуравдугаарт мэдээж иргэд, эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэгчийн өнцгөөс харуулна.
- Аливаа нэг салбарыг онцолно гэдэг нь уг бүтээл зорилтот бүлэгт хамаарах, мөнхүү туйлын нэг зорилготой гэсэн үг болов уу. Энэ талаар...
- Мэдээж бүтээл бүхэнд зорилго байдаг биз. Учир нь түүнийг хийж байгаа хүмүүст ч зорилго бий. Харин зорилтот бүлгийн хувьд сонгосон сэдэв нь эрүүл мэндийн салбар боловч бүх л хүмүүст хамааралтай. Ерөөс сүүлийн үед эрүүл мэндийн салбарын нэр хүнд доройтож байгаа. Шинэ залуу ажилтнуудын урам зориг мохож байна. Хийе, бүтээе гэх сэтгэлтэй хүмүүсээ ойлгож дэмждэггүй, сонсдоггүй. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт тохиодог бодит үнэнийг эл кино үзүүлнэ. Харин эцсийн дүгнэлтийг үзэгчид дор бүрнээ хийх байх.
- Ер нь өдгөө бодит нөхцөл байдал дээр тулгамдаж байгаа асуудал юу байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сан хоосорч эмнэлгүүдэд наад захын материал, өвчтөнд анхан шатны тусламж үзүүлэх эд юмс ховордсон асуудлууд гарсан. Сүүлд мөн улсын нэгдүгээр эмнэлгийн томилгоотой холбоотой асуудлууд хөвөрч зарим эмч, удирдах зөвлөлийн гишүүд нь хэвлэлийн хурал ч зарласан. Салбар маань дотооддоо бас олон хүндрэлийг туулж байх шиг...
- Тийм ээ. Би бол олон жил энэ салбарт ажилласан хүн. Гэхдээ хийдгээ хийчихлээ гээд хаяад явчихаж бас болохгүй юм даа. Тиймээс олон нийт санаа аваасай, бодож тунгаагаасай гэсэндээ уг киног бүтээсэн. Цаашлаад уг салбарт тулгарч байгаа асуудлуудыг шийдэх, хандлагаа өөрчлөх зэргээр дэвшил гарвал бидний зорилго биелэнэ. Өдгөө Эрүүл мэндийн яаж ажилчдынхаа санал хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэдэггүй. Магад ерөөс сонсдоггүй ч мэт санагдах нь бий. Үргэлж намаар дамжуулж байж л шийдвэр гаргаж, бодлого тодорхойлдог. Нэгдүгээр эмнэлгийн томилгооны асуудлыг бол тэгж л харсан. Яг ул үндсийг нь бол сайн мэдэхгүй. Хамгийн гол нь яг эмнэлэгт үүрэг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудынхаа өмнө тулгардаг бэрхшээл, хүндрэлийг шийдвэр гаргагчид олж харахгүй, мэдэхгүй болохоор бодит хөрсөн дээрх асуудлуудыг хэлэлцэж чаддаггүй. Нөгөөтээгүүр эрх баригчид гол асуудлаа хөндөж чаддаггүй. Дээр нь нэмээд хэлэхэд миний яриад байгаа хандлага, харилцаа гэдэг зүйл шат шатандаа үгүй болчихсон нь анзаарагддаг.

- Бодит байдлаа хүлээн зөвшөөрөхгүйд бас учир байна уу?
- Угтаа асуудлыг шийдвэрлэх зоригтой, анализ хийдэг, мэргэжилдээ эзэн болсон хүн бидэнд хэрэгтэй. Ажлаа хийж чаддаг л байвал ямар нам байх нь хамаагүй. Түүнээс бус хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагддаг хүн шийдвэр гаргадаг, асуудлыг хөнддөг байгаад нэмэргүй. Эрүүл мэндийн салбарт тийм шалгуур байх ёсгүй. Эцсийн эцэст хүний амь нас яригдана шүү дээ.
- Кино бүтээх явцад ямар нэгэн хүнд сорилттой тулгарсан уу?
- Азаар хараахан тэгээгүй. Ер нь манай эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдал, эмч нарын ажил мэргэжлийн талаар хөндсөн сайн бүтээл байдаггүй юм билээ. “Өдөр өдрийн нар” гээд нэг олон ангит кино бол бий. Хамгийн гайгүй бүтээл нь тэр. Өөр энэ талын сэдэвтэй кинонууд байдаг ч ихэнх нь контент төдий л санагддаг. “Яаралтай түргэн тусламжийнхан” гээд нэг кино бас байсан. Гэтэл эрүүл мэндийн салбар, тухайн ажилтнуудын жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн дүүрэн гаргаж чадаагүй. Үг, хэллэгээс авахуулаад алдаа ихтэй. Тиймээс ч би киноныхоо зураг авалтад байнга явж, найруулагчтайгаа ярилцаж, туршлага бий учраас мэргэжлийн үг хэллэг буюу дүрүүдийн диалогийн талаар зөвлөгөө өгч байсан л даа.
Харин эдийн засгийн хувьд хүндрэл гарч байсан. Гэхдээ аль нэг газраас бус өөрсдийн хүчээр, уг салбарт элэгтэй хүмүүсийн хандиваар кино хийх зардлаа босгоод явсан. Хүн аливаа нэг зүйл зорьж, тэмүүлэх үед бэрхшээл тулгарсан ч түүнийг хүндхэн сорилт, асуудал гэж харалгүйгээр даваад гарчихдаг. Бид тэгж л киногоо бүтээсэн.
- Киноны нэрийн хувьд их сонирхолтой санагдлаа...
- Яг төгсгөлийн зураг авалтын үеэр хөдөө орон нутагт ажиллахаар ирсэн гол дүрийн залуу уулс ширтэж зогсдог юм. Тус зураг авалтыг хавар хийсэн. Яг тэр өдөр, зураг авалт хийх явцан уулсыг гэнэтхэн л манан халхалсан. Энэ нь киноны төгсгөллийн агуулгатай яв цав нийцсэн. Мэдээж бид байгалийн үзэгдлийг удирдаж чадахгүй. Гэтэл цаанаасаа ингээд л бүтчихсэн. Зорьсон юм гэдэг тийм сайхан байгаа юм шүү. Түүнээс үүдээд л кино зохиолч болох Төрийн соёрхолт найрагч Ш.Гүрбазар гуай уг нэрийг оноохоор болсон. Хөдөө орон нутгийн эмнэлэг, тэнд ажиллахаар ирсэн гол дүрийн залуу хүчний туулж буй бүхнийг тодотгож чадах нэр учраас бүгд санал нэгдсэн.
- Анх удаа найруулагчтай ажиллахад ямар санагдсан бэ?
- Кино урлаг бол асар хариуцлагатай, мөн олон хүний хөдөлмөр дээр бүтдэг юм билээ. Н.Даваадорж найруулагчийн хувьд залуу хүн гэхэд их дайчин, зарчимч, хариуцлагатай хүн байсан. Басхүү бид хоорондоо их сайн ойлголцож ажилласан. Машины нэг дугуй нь өөр хээтэй, эсвээс жижиг, том байвал хол замд удаан өнхрөхгүй шүү дээ. Харин найруулагч бид хоёр бол яг адилхан дугуйнууд гэж хэлж болно. /инээв/ Үзэл бодол нэг учраас хамтарсан зорилгодоо хүрч чадсан гэж бодож байгаа. Тиймээс ч уг кино маань сайн бүтээл болсон биз ээ.
- Киног үзсэн үзэгчид юуг тээж, юуг дотроо оршоох бол...
- Эмчийн ажлыг ойлгох байх. Амьдралынх нь зовлон жаргал, хүнд хэцүүг ойлгож, хүндэлдэг болох болов уу гэж бодож байна. Миний хүсэл ч мөн тийм. Ер нь бол эмчийн ажлын ихэнх нь зурагтаар яриа өгөөд байгаа хүмүүсийн хэлдэг үгс дээр бус хөшигний цаана л бий. Мэс заслын өрөөнд бол юу болж байгааг олон нийт мэдэхгүй шүү дээ. Тийм боломжгүй. Яг тэр зүйлийг бид харуулсан. Айдастай, цаг хугацаатай тулалдаж байгаа хүний сэтгэлзүйг илчлэхийг зорьсон.

- Үнэхээр мэс заслын өрөөнд эмч хүний сэтгэлзүй ямар туйл дээр оршиж байдаг вэ?
- Эмч хүн сэтгэлзүйгээ маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд ч энэ бол түүний мэргэжил.
- Алдаа гаргавал яах вэ?
- Алдаа гаргах эрх байхгүй. Эд материалыг буцаагаад засаж болно. Хүний амь тийм биш. Гэхдээ үнэхээр аварч чадахгүй байх үе бий. Аж төрөхүйд үл нийцэх өвчин, гэмтэл гэж байдаг. Жамтай эвлэрэхээс аргагүй. Гэтэл тэр бүхэнд эмч буруутан болоод байж бас болохгүй биз дээ.
- Аливаа нэг бүтээлээс дараагийн хүсэл, зорилго ч мөн бий болдог. Тэгж байж л амьдрал үргэлжилдэг шүү дээ. Таны цаашдын зорилго юу вэ?
- Манай салбарынхны нэг онцлог нь өөрсдийнхөө төлөө дуугардаггүй, тэмцдэггүй. Уншигчид ч мэдэх байх. Ажиглавал эхлээд багш нар дуугардаг, цалингаа нэмүүлэх асуудлыг хөнддөг. Дараа нь эмч нар дагадаг. Гэх мэтчилтэн эрүүл мэндийн салбарынхан хүндрэл бэрхшээлээ нэг их тоочоод байдаггүй. Гэвч ажиллах орчин, иргэдийн эрүүлийн төлөө бол хэлж, ярьж байх шаардлагатай тулгарч байна. Тиймээс дуугарч эхэлье, хийе гэж бодсон. Нас явчихлаа гээд зүгээр суумааргүй санагдаж байгаа.
Ямартаа ч “Холын цагаан манан” киногоор асуудал хөндөж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Харин цаашид мэргэжлийнхээ гэрэлтэй талыг өгүүлсэн, салбартаа ажиллагсдад урам зориг, мэргэжлээрээ бахархах сэдлийн төрүүлсэн сайн уран бүтээл хийнэ гэх бодол тээх болсон. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.