
Израил эзлэгдсэн Баруун эрэг дэх түүхэн дурсгалт газруудад төрийн хяналтаа эрчимтэй тогтоох зорилгоор шинэ төсөв баталлаа.
Израилийн Сангийн сайд Безалел Смотрич эзлэгдсэн Баруун эрэг даяарх 70 гаруй түүхэн дурсгалт газрыг хяналтдаа авахад зориулж 113 сая шекель буюу ойролцоогоор 37 сая ам.долларийн төсөв баталснаа мэдэгдэв.
Энэхүү санхүүжилтийг Засгийн газрын удирдах хороо баталжээ. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Баруун эрэг, Иорданы хөндий болон бусад бүсийн археологийн дурсгалт газруудыг төрийн мэдэлд авах зорилготой 250 сая шекелийн (83 сая ам.доллар) төлөвлөгөөний үргэлжлэл болж байна.
Тус хорооноос гаргасан мэдэгдэлд, Израилийн Суурьшлын яам 157 сая шекель (52 сая ам.доллар)-ийн шууд санхүүжилт авахаас гадна цаашдын төслүүдэд зориулсан 142 сая шекель (47 сая ам.доллар)-ийн санхүүгийн баталгааны эрх авах аж.
Энэхүү шинэ төсөв батлагдсан өдөр Израилийн парламент болох Кнессетийн Санхүүгийн хороо Суурьшлын яаманд зориулсан ойролцоогоор 300 сая шекель (99 сая ам.доллар)-ийн шууд санхүүжилт болон ирээдүйн санхүүгийн үүрэг хүлээх зөвшөөрлийг мөн тусад нь баталсан байна.
"Энэ бол хамгийн өндөр түвшний сионист үйл хэрэг. Өнгөрсөн түүхгүй ард түмэн ирээдүйгүй байдаг" хэмээн Смотрич хэлээд шинэ зочдын төв, судалгааны байгууламжууд байгуулахаар төлөвлөж байгаагаа онцолжээ.
Израиль эдгээр түүхэн дурсгалт газрыг еврейн өв соёлын дурсгал хэмээн ангилж, Палестины өмч болон газар нутагт төрийн хяналтаа өргөжүүлэх бодлого хэрэгжүүлдэг.
Эзлэгдсэн Баруун эрэгт хэдэн зуун жилийн түүхтэй олон мянган археологийн болон соёлын өвийн дурсгалт газар бий.
Смотрич ямар газруудыг хамруулах талаар тодорхой нэр дурдаагүй ч Палестины хэвлэлүүдийн мэдээлснээр Бетлехемийн ойролцоох Соломоны усан сангуудыг Израилийн хяналтад авах төлөвлөгөө багтсан гэнэ. Смотрич өмнө нь ч энэ газрыг Израилийн мэдэлд оруулахыг дэмжиж байсан юм. Түүний мэдээлснээр, 2022 оноос хойш эзлэгдсэн Баруун эрэгт 104 суурин болон 160 суурьшлын цэгийг батлан байгуулжээ.
Израилийн байгуулсан эдгээр суурингуудыг олон улсын эрх зүйн дагуу хууль бус гэж үздэг.
Палестины хэвлэлүүдийн мэдээлснээр, Израил хууль бус суурингуудыг өргөжүүлэх санхүүжилтээ үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ нь Баруун эрэгт палестинчуудын эсрэг суурьшигчдын хүчирхийлэл эрчимжиж буйтай давхцаж байна. Энэ оны эхнээс хойш тус бүс нутагт суурьшигчид болон Израилийн цэргийн хүчний үйлдсэн 11 мянга гаруй халдлага бүртгэгджээ.