
XIX зууны Францын уран зохиолд бодит байдлыг хамгийн уран яруу хэлээр задлан шинжилсэн Гюстав Флобер энэ өдөр төржээ. Түүний бүтээлүүд романтизмын хэт хөөсрөл, явцуу мэдрэмжээс татгалзаж, дүрийг орчны хүрээллээс ангижруулалгүй, гүн уялдаатай босгож чадсанаараа онцлогтой.
Флоберийн хувьд уран зохиол гэдэг зөвхөн түүх өгүүлэх хэрэгсэл бус харин өгүүлбэр бүрийг уран баримал мэт өнгөлөх урлаг байв. Тэрээр “le mot juste” буюу “хамгийн зөв үг”-ийг эрэхийн төлөө өгүүлбэрээ хэдэн өдрөөр ч хамаагүй засаж суудаг байсан гэдэг. Иймээс түүний романууд хэл найруулгын төгс хэмнэл, сэтгэл зүйн нарийн задлалаараа модерн утга зохиолын эхлэлийг тавьсан билээ.
MADAME BOVARY
Флоберийн хамгийн алдартай бүтээл болох энэ роман Эмма Боваригийн мөрөөдөл, хүсэл тачаал, бодит амьдралын зөрчлийг өгүүлдэг. Эмма хайр дурлал, тансаг амьдрал, сэтгэлийн хөөрлийг романтик зохиолуудаар төсөөлөн мөрөөддөг ч бодит амьдрал түүнд үргэлж хоосон санагдана. Ингээд тэр хайр сэтгэл, өр зээл, хуурмаг хүсэлдээ живсээр сүйрэл рүү алхдаг.
Зохиолч эл романаараа багшаархан хөрөнгөтний амьдралын хиймэл ёс суртахуун, хүний дотоод хоосролыг чин үнэнээр дүрсэлжээ. Тухайн үед уг зохиол “ёс суртахуунд харш” хэмээн шүүхэд дуудагдаж байсан ч өнөөдөр дэлхийн реалист романы оргил бүтээлүүдийн нэгт тооцогддог.
SENTIMENTAL EDUCATION
Энэ бүтээлдээ залуу Фредерик Морогийн амьдрал, бүтэлгүй хайр дурлал, улс төрийн мөрөөдөл, үеийнхнийх нь төөрөгдлийн талаар хүүрнэнэ. Францын 1848 оны хувьсгалын үеийн нийгмийн уур амьсгал дунд гол дүрийн хүсэл тэмүүлэл хэрхэн аажмаар нурж байгааг Флобер маш тайван бөгөөд эмгэнэлтэйгээр харуулдаг.
Тус роман нь ямар нэгэн оргил ялалт бус харин алдсан боломжуудын тухай түүх юм. Орчин үеийн хүний идэвхгүй байдлыг ийм нарийн мэдрэмжээр бичсэн нь Марсель Пруст, Франц Кафка зэрэг дараагийн үеийн зохиолчдод хүчтэй нөлөөлсөн. Олон судлаач үүнийг Флоберийн шидээвэр бүтээлийн нэг гэж үздэг.

SALAMMBÔ
Флобер уг романдаа эртний Карфагены ертөнцийг асар тансаг, ухамсар дахь төсөөллөөрөө хий үзэгдэл мэт дүрслэн бүтээжээ. Хөлсний цэргүүдийн бослого, шашны ёслол, хүсэл тачаал, цус асгаруулалт бүгд нүдэнд харагдтал хөвөрнө. Түүхэн роман хэдий ч бодит түүхээс илүүтэй мэдрэмж, өнгө, дүрслэл давамгайлдаг.
Тиймдээ ч уг бүтээл нь реализмаас гадна декаданс болон символизмын урсгалд ч нөлөөлсөн байдаг.
THE TEMPTATION OF SAINT ANTHONY
Энэ бол Флоберийн хамгийн этгээд, философи өнгө аястай зохиолуудын нэг. Египетийн цөлд амьдрах гэгээнтэн Антонийн оюун санааны сорил, хий үзэгдэл, шашин, хүсэл шуналтай хийж буй тэмцлийг дүрсэлдэг.
Уг роман нь уламжлалт хүүрнэлээс илүү зүүд, галзуурал, философийн маргаан шиг бүтэцтэй. Фридрих Ницше болон символист яруу найрагчид хүртэл энэ бүтээлийг өндрөөр үнэлсээр ирсэн. Флоберийн уран сэтгэмж, хэл найруулгын туршилт хамгийн хүчтэй илэрсэн зохиолуудын нэг юм.
BOUVARD ET PÉCUCHET
Флоберийн сүүлчийн, дуусгаагүй үлдсэн энэ роман нь мэдлэг, шинжлэх ухаан, хүний мунхаглалын талаарх бараан егөөдөл билээ. Хоёр хуулбар бичээч бүх салбарын мэдлэгийг судалж “төгс ухаан”-д хүрэхийг оролддог ч эцэстээ бүтэлгүйтдэг.
Тэд хөдөө аж ахуй, философи, анагаах ухаан, боловсрол, шашин гээд бүхнийг турших ч үр дүн нь инээдэмтэй сүйрэл болон хувирна. Флобер энэ романаараа XIX зууны рационализм, дэвшлийн тухай сохор итгэлийг ёжилсон байдаг. Орчин үеийн абсурд уран зохиолын эх үндэс болсон бүтээлүүдийн нэг гэж үздэг.